Н.Летив Баянхонгор аймгийн "Хүндэт иргэн" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-21 17:11:08
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, Монгол Улсаас Бүгд найрамдах Макидони улсад суугаа Өргөмжит консул Намдагжанчивын Летивт Баянхонгор аймгийн "Хүндэт иргэн" цол тэмдгийг аймгийн Засаг даргын өрөөнд хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Н.Летив Архитектурч мэргэжилтэй, Барууны орнуудад загвар зохион бүтээгчээр ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд Бүгд найрамдах Макидоны улсад Өргөмжит консулаар ажиллаж байгаа аж. Тэрээр 18 жилийн дараа төрөлх нутагтаа ирсэн байхад нь "Хүндэт иргэн"-ээр ийнхүү өргөмжилжээ.
Баянхонгор аймгийн төвийн Хоёрдугаар цэцэрлэгийн зураг төслийг гардан хийж байсныг нь ёслолын үеэр онцолж байсан. Мөн үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ, "Аймаг орныхоо нэрийг улс даяар, гадаад оронд нэр төртэйгөөр гаргаж байгаа таниар нутгийнхан чинь бахархаж байна. Цаашид таниар дамжуулан Макидони улсад Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, Боловсролын салбарынхныг туршлага судлуулах ажлыг зохион байгуулъя. Боломжтой бүх талаар хамтарч ажиллах тул ямар гарц байгааг судлаарай" гэв. Мөн үргэлжлүүлэн, "Баянхонгор аймаг Макидоний аль нэг хоттой ах дүүсийн найрамдалт харилцаа тогтоож, ЖДҮ-ийг хөгжлүүлэхэд хамтарч ажиллах талаар зуучилж өгөөрэй" хэмээн захилаа.
Ийнхүү Архитектурч Намдагжанчивын Летив Баянхонгор аймгийн 24 дэх "Хүндэт иргэн" боллоо.
                                                                                                                                                                       Б.Мөнхзул
Холбоотой мэдээ