Э.Макроны амь насанд халдахаар завдсан этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-07-04 10:58:31
ЛОНДОН./BBC/. Францын цагдаа нар Ерөнхийлөгч Э.Макроны амь насанд халдахаар заналхийлсэн тус улсын Валь-дУаз мужийн Аржантей хотын оршин суугч 23 настай этгээдийг баривчилжээ. Энэ тухай RMC радиостанц мэдээлснийг “Франс Пресс” агентлаг уламжиллаа.

Уг этгээд 7 дугаар сарын 14-нд Бастилийг эзлэн авсан өдөрт /Францын үндэсний баяр/ зориулсан парадын үеэр Ерөнхийлөгчийн амь насанд халдахаар төлөвлөж байжээ. Тэрбээр Калашниковын автомат буу худалдаж авах гэж байгаагаа тоглоомын чатад бичсэн аж.

Үүнээс гадна internet-signalement.gouv.fr цахим хуудсанд нэгэн хэрэглэгч Ерөнхийлөгчийн амь насанд хийх гэж байгаа тухай мэдээллийг нэр хаяггүйгээр байршуулсан байжээ. Үүний дагуу цагдаа нар түүнийг баривчлахаар гэрт нь очиход тэрбээр хоолны хутга барин заналхийлжээ. Түүний автомашинд мөн хоёр хутга байсан байна.

Мөрдөн байцаалтын үеэр сэжигтэн этгээд ярихдаа "Э.Макроныг улс төрийн шалтгаанаар хөнөөхийг хүсч байсан" гэдгээ мэдүүлжээ. Мөн тэрбээр “лалын шашинтнууд, арабууд”, “харууд”, “гомо" нарын эсрэг халдлага үйлдэх бодолтой байсан гэнэ. Сэжигтэн этгээд өөрийгөө нацист гэж нэрлэж байгаа аж.

Саатуулагдсан этгээд өмнө нь шүүхээс ял авч байжээ. 2011 онд 77 хүний амийг хөнөөсөн Норвегийн иргэн Андерс Брейвикийн үйлдлээр бахархаж байгаагаа илэрхийлснийх нь төлөө өнгөрсөн онд түүнд гурван жилийн ял оноосон байна.
О.Барс 

 

Холбоотой мэдээ