Шинэ санаа-шийдэл ухаалаг дэвтрийн тайлан, өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-11 19:59:48
Хэнтий /МОНЦАМЭ/ “Хэнтийн мэдээ” сонины редакц жил бүр зохион байгуулдаг “Оны 9 алдартан” шалгаруулах арга хэмжээнийхээ нэрэмжит “Хан Хэнтийчүүдийн шинэ санаа-шийдэл”  ухаалаг дэвтрийг санаачлан, Хэнтий аймгийн хэмжээнд аялуулжээ.
Энэхүү санаачлагыг Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжин ажиллаж, 126 ширхэг дэвтрийг Хэнтий аймгийн 18 сум, 5 тосгон, 83 баг, Хэрлэн сумын төр, хувийн хэвшлийн 75 байгууллагаар 1 сарын хугацаанд аялуулж,  1785 иргэн 2006 асуудал, 6022 санал бичиж ирүүлсэн байна.

Иргэдийнхээ гаргасан эдгээр санал шийдлийг тус аймгийн ИТХ бодлого шийдвэртээ тусган ажиллах бөгөөд ирсэн саналуудыг эрэмбэлэн ангилж холбогдох байгууллагын удирдлагуудад нь хүргүүлжээ.

Ухаалаг дэвтэр иргэдийн дунд хэрхэн аялж, тэдний санал шийдэл хэрхэн эрэмбэлэгдсэн талаар олон нийтэд тайлагнах, Хэнтий аймгийн гал бичин жилийн “Оны 9 алдартан” тодорсон 9 салбарын үйл ажиллагааг сурталчлах зорилготой “Хан Хэнтийчүүдийн шинэ санаа-шийдэл ухаалаг дэвтрийн тайлан, өдөрлөг” Чингис хотноо зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний нээлтэнд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг, “Хэнтийн мэдээ” сонины  эрхлэгч Д.Одонтунгалаг тэргүүтэй удирдлагууд болон иргэд байгууллагын төлөөлөл оролцсон юм.
 
Нээлтийн үйл ажиллагаанд Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий Чуулгын уран бүтээлчид оролцож, хуран цугласан олонд урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэ үеэр Хэнтий аймгийн Гал бичин жилийн “Оны онцлох алдартан”, АБТА, заах арга зүйч Г.Өлзийхутаг багш “Сэтгэлгээний соёл ба математик боловсрол” лекцийг уншиж, сонордуулсан юм. Үүний дараа “Хэнтийн мэдээ” сонины редакциас зохион байгуулсан “Мэргэжил бүхэн миний нүдээр...” видео бичлэгийн уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол болж,  уралдааны Тэргүүн байрын шагналыг тус аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын  аврагч, ахлагч  Б.Ариунтэмүүжин, Дэд байрын шагналыг “Өндөрхаан HD” телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч А.Алтаншагай нар хүртэж, өргөмжлөл, Х НЬЮС сэтгүүлийн 500-300 мянган төгрөгийн эрхийн бичгээр шагнагдлаа.       
Өдөрлөг арга хэмжээний бас нэг хэсэг нь “Оны 9 алдартан” шалгарсан 9 салбарын нээлттэй танилцуулга, үйлчилгээ байсан юм. Тус арга хэмжээнд Хан Хэнтий чуулга, ГХБХБГ, Хэнтий ЦТСС, “Тэмүүжин” цогцолбор сургууль, Хаан, Хас, Капитал,Төрийн банк, БСУГ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Хэнтийн мэдээ сонины редакц гэсэн байгууллагууд оролцож, салбарын үйл ажиллагааны сурталчилгаа болон сугалаат урамшуулал, шуурхай үйлчилгээг нэг дороос иргэдэд хүргэлээ.

Тухайлбал, АДБ-ийн Хан Хэнтий чуулга уран бүтээлийн эд хэрэглэл, урлагийн хувцасаар үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сонирхуулсан бол Хэнтий ЦТСС-ийн хамт олон ажлын багаж хэрэгслээ сурталчлан танилцуулж, иргэдийн дунд азын сугалаа явуулж, 10 иргэнийг гэр ахуйн цахилгаан бараагаар урамшуулж, мөн 5 хэрэглэгчийн гэрийн доторх монтаж болон гаднах гаргалгааны кабелийг сольж өгчээ. Түүнчлэн энэ өдөр дуудлагын үйлчилгээгээ үнэ төлбөргүй иргэдэд хүргэсэн байна.

Өдөрлөг арга хэмжээ Чингис цамхагийн ёслол хүндэтгэлийн өргөөнд үргэлжилж,  “Оюуны чадвар” хүний хөгжлийн төвийн тэргүүн Г.Мөнгөн “Хувь хүний манлайлал” лекцээ төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын  ажилтан, албан хаагчдад зориулан уншсанаар үйл ажиллагаа өндөрлөсөн юм. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ