Олон нийтийн цагдаа нарт гурван сая төгрөгийн техник хэрэгсэл олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:58:52

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга П.Эрдэнэбат аймгийнхаа олон нийтийн цагдаа нарыг хүлээн авч уулзав.

Цагдаагийн албаны тухай шинэ хуульд зааснаар “Цагдаагийн байгууллага нь 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэж олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилох шийдвэр гаргана” гэж заасан. Энэ дагуу “Цагдаа олон нийтийн ажилтан”-уудтай гэрээ байгуулж ажилласнаас хойш нэг жилийн нүүр үзэж байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж нийтийн хэв журам хамгаалах үүрэг хүлээж ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны тоог 21 байхаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоосон. “Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 12 олон нийтийн цагдаа ажилладаг. Олон нийтийн цагдаа ажиллуулснаар аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч, нийтийн эзэмшлийн зам талбайд үйлдэгддэг танхай, булаалт,бусдын бие мах бодид гэмтэл учруулах зэрэг хэргийн гаралт 5-9 хувиар буурсан” гэж аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч Цагдаагийн хошууч Д.Гэрэлмаа ярив.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга П.Эрдэнэбат гурван сая төгрөгийн тоног төхөөрөмж болох камер, принтер олгохоор шийдвэрлэснээ мэдэгдэж цаашын ажилд нь амжилт хүслээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ