Ирэх амралтын өдрүүдэд “Дугуйн марафон – 2015” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-04 14:58:33

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг энэ амралтын өдөр зохион байгуулна.

Дугуйн марафон”-ыг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Бямба гарагийн 11:00 цагаас эхлэн зохион байгуулна. “Дугуйн марафон”-д оролцогчдыг батлагдсан маршрутын дагуу Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанд гаргаж Энхтайваны гүүр – 120 мянгат - Зайсан – Их тэнгэр – Маршалын гүүр – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн  гэсэн чиглэлээр нийт 8 км-ийн зам туулж барианд ирэх юм. “Дугуйн марафон”-д  дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй залуучууд, насанд хүрэгчид, 14-өөс дээш насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож болно. Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ.

Уг марафонд оролцох хөдөө, орон нутгийн тамирчид, иргэд болон багууд, оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө хариуцах юм байна. Харин Сонирхогчдын дугуйн тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Бямба гарагийн 11:00 цагаас эхлэн зохион байгуулах юм байна.  Бага насны хүүхдүүдийг 3-4 нас /50 м/, 5-6 нас /50 м/, 7-8 нас /100 м/, 9-10 нас /500 м/, 11-12 нас /1000 м/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр, Өсвөр үе, залуучуудыг 13-14 нас /3 км-1 тойрог/, 15-16 нас /3 км-1 тойрог/, 17-18 нас /6 км-2 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр тойргоор уралдуулах хэлбэрээр тус тус зохион байгуулна.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалын төрлийг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ням гарагийн 11:00 цагаас  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 19-39 нас /9 км-3 тойрог/, 40-49 нас /6 км-2 тойрог/, 50-59 нас /3 км-1 тойрог/, 60-дээш нас /3 км-1 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр тойргоор уралдуулах хэлбэрээр зохион байгуулах юм байна. Сонирхогчдын дугуйн тэмцээнд оролцогчид зөвхөн уулын дугуй болон ердийн дугуйгаар оролцоно. Оролцох хүүхэд, залуучууд, иргэд, хөдөө, орон нутгийн тамирчид, болон багууд оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө хариуцна. Мөн энэ үеэр “EXTREME Trial”-ын үзүүлбэр, тэмцээнийг зохион байгуулах бөгөөд  2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цагдаагийн хөшөөтэй талбайд эхлэнэ.

Мөн Монголын дугуйн холбооны лицензтэй тамирчдын тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ням гарагт 15-16 нас /9 км-3 тойрог/, 17-18 нас /12 км-4 тойрог/,    19-34 нас /15 км-5 тойрог/-ны ангиллаар, ахмадууд 35-45 нас /12 км-4 тойрог/, 46-55 нас   /9 км-3 тойрог/, 55-аас дээш нас /9 км-3 тойрог/-ны ангилалд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замаар тойргоор уралдана. Лицензтэй тамирчдын тэмцээнд зөвхөн засмал замын дугуйгаар оролцоно.

Тэмцээнд оролцох иргэд тамирчдын бүртгэлийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд Монголын дугуйн холбооноос томилогдсон нарийн бичиг шүүгч хийнэ. Бүртгүүлэх хүүхдүүд төрсний гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машинаас/, иргэд ба тамирчид иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ. “Дугуйн марафон”-д оролцогчдод зохион байгуулах хорооноос нэгдсэн пайз дугаарыг олгоно.

“Дугуйн марафон”-д оролцсон бүх оролцогчдод батламж олгоно. Сонирхогчдын дугуйн тэмцээн болон Монголын дугуйн холбооны лицензтэй тамирчдын тэмцээнд нас тус бүрт эмэгтэй, эрэгтэй төрөлд эхний 3 байр эзэлсэн тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 4-5 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна. “EXTREME Trial”-ын үзүүлбэрийн тэмцээнд эхний 3 байр эзэлсэн тамирчдыг  медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 4-5 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ