Хан хөхий хайрханы тэнгэрийг тайлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-04 11:30:08
 Увс /МОНЦАМЭ/ Төрийн тахилгат Хан Хөхий хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслол, Баруун бүсийн “Увс хурд-2017” даншиг наадам, Өндөрхангай сумын "Түмэн адууны баяр", Хүн эмнэлгийн 80 жилийн ойн баяр наадам 7-р сарын 28-31-ний өдрүүдэд Өндөрхангай суманд болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд оролцохоор Улаанбаатар хотоос хамба лам Ц.Гүнчин-Ишээр ахлуулсан Бадмаёга дацангийн лам хуврагууд хүрэлцэн ирсэн бөгөөд Увс аймгийн Дэчинравжаалин хийд, Өндөрхангай сумын Гандандаржаалин хийдийн лам хуврагуудтай хамтран ном хурж, Хан хөхий хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолыг үйлдлээ.
Мөн энэхүү тахилгын ёслолд оролцохоор Улаанбаатар хотоос УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар, Б.Энх-Амгалан нар болон улс, аймгийн алдар цолтой бөхчүүд, алдартан гавъяатнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, Монгол орны өнцөг булан бүрээс наадамчин олон хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр Долоон бурхан одны тахилга, Аймгийн арслан П.Боовонгийн хөшөөний нээлт, Цагаан сүлд цэнгүүлэх ёслол, хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, сур харвааны тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдсан юм. Эрлийз 3 нас, монгол 6 насны хурдан морины уралдаанд 17 аймгийн уяачдын морьд оролцож, нийтдээ 339 хүүхэд унаж уралдлаа. Төрийн тахилгат Хан Хөхүй хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслол, Баруун бүсийн “Увс хурд-2017” даншиг наадам, Өндөрхангай сумын "Түмэн адууны баяр", Хүн эмнэлгийн 80 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд 128 хүчтэн зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харъяат, Монгол улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Монгол Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн юм. Их Шөвөгт Улсын харцага Н.Батзаяа, аймгийн арслан Д.Тогтохжаргал нар шалгарсан бол өсвөрийн бөхийн барилдаанд 64 бөх зодоглосноос Увс аймгийн Тэс сумын харьяат, Улаангом политехник коллежийн бөх Д.Бат-Эрдэнэ түрүүлж, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Цогцолбор 2-р сургуулийн бөх Б.Энхманлай үзүүрлэлээ. Хурдан морины уралдааны ихэнх айраг түрүүг гадны аймгийн морьд авсан бөгөөд их нас, азаргыг фургон автомашинаар, соёолон, хязаалан морьдын түрүүг приүс автомашинаар, түрүү бөхийг гэр бүлийн жийпээр байлсан томоохон шагналтай наадам болсон юм.
Б.Замбал
Холбоотой мэдээ