Иранд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 27 этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-08 10:06:11
ТЕГЕРАН. /IRNA/. Ираны шашны төвүүдэд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан “Лалын  улс” бүлэглэлтэй холбоо сүлбээтэй нэгэн бүлэглэлийн 27 гишүүн баривчлагджээ.

Ираны Тагнуулын яам даваа гарагийн орой мэдэгдэл хийхдээ “сэжигтнүүдийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн орой баривчилсан” гэв.

Баривчлагдсан хүмүүсийн тав нь халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бол бусад нь  зэвсэг зөөх, сумнуудыг  гэртээ нуух зэргээр халдлага үйлдэхэд дэмжлэг үзүүлж байсан гэсэн мэдээлэл байна.

Энэ оны зургадугаар сард зэвсэгт бүлэглэлүүд Ираны нийслэл Тегеран хот дахь хоёр чухал байгууламж руу, тухайлбал парламентын ордон руу халдан 18 хүний аминд хүрсэн юм. Эдгээр халдлагатай холбоотой болохоо “Лалын улс”-ынхан хожим нь мэдэгдсэн билээ.

Ажиглагчдын хэлснээр, Ирак болон Сирид булаан эзэлсэн газар нутгаа алдаж буй “Лалын улс” хөрш орнууд руу ажиллагаагаа өргөжүүлэхийг оролдож байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ