Шинэ Ерөнхийлөгчийн анхны алхмууд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2017-08-08 13:28:00
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга  тангаргаа өргөөд 1 сар болж байна. Шинэ Ерөнхийлөгчийн уулзалтууд дээр хэлсэн үг, илэрхийлж байгаа байр сууриас иргэдийн анхаарлыг хамгийн их татсан нь Монголбанкны ерөнхийлөгч, ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан үйл  явдал байв.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсноор Монголбанкны хувьд  салбартаа бүтцийн өөрчлөлт хийхээр болж байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа Засгийн газар амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө олгож эхэлснийг ОУВС шүүмжилж байгаа гэж  хэлжээ.

ОУВС-гийн  хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк /АХБ/ мал, ашигт малтмалын лицензийг арилжааны банкны барьцаанд авах ёсгүй гэж үзэж байгаа юм байна. АХБ нь тус хөтөлбөрийн хүрээнд манай улсад 1,3 тэрбум ам.долларын санхүүжилт хийх гэнэ. Гэтэл монголчуудын хувьд  барьцааны гол хэрэгсэл нь мал байдаг. Хэрэв ийм байдлаар үнэлгээ хийгдвэл арилжааны банкуудад  муугаар нөлөөлөхөөр байгаа гэнэ.

Монголбанкны ерөнхийлөгчийн танилцуулсан мэдээллийгЕрөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай, Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг  хүлээн авч уулзах үеэрээ  хөндөж “өргөтөгсөн хөтөлбөрийн хүрээнд банк барьцаанд мал авч болохгүй гэдэг шаардлага тавьж байгаа нь бодит амьдралд нийцэхгүй. “Мал гэдэг бол монголчуудын хувьд үндсэн хөрөнгө” хэмээн байр сууриа тодорхой илэрхийлжээ. Ерөнхийлөгч цааш нь нүүрсний үнэ өссөн нь улсын эдийн засгийн өсөлт биш гэдгийг анхааруулсан байна.

Үнэхээр мал монголчуудын хувьд хөрөнгө, ажлын байр болдог өвөрмөц онцлогтой. Хөрөнгөө, ажлын байраа барьцаалж аж ахуйгаа авч явахгүй юм бол мал аж ахуйн үйлдвэрлэл зонхилсон манай орны хувьд эдийн засагт сэргэлт гаргахгүй. Энэ утгаараа монгол орон, монголчуудын уламжлалт амьдрал, ахуйг зах зээлийн эдийн засагт тохируулан хөтлөх арга ухааныг эрж хайж байгаа нь Ерөнхийлөгчийн хувьд чухал алхам бөгөөд үүнийг нь гадаад, дотоодын санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байгаа уулзалтууд дээр  хэлсэн үг, илэрхийлж байгаа байр сууриас  нь тодорхой харж болно.

Түүнээс гадна монголчуудын “шүдний өвчин” болсон нэг зүйл нь хүүхдийн мөнгө байдаг. ОУВС үүнийг халамж хэмээж, бүх хүүхдэд мөнгө олгохыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаар Ерөнхийлөгч “ хоёр том хөрштэй  цөөн хүн амтай улсын хувьд хүүүхдийн мөнгө хүн амаа өсгөх  төрийн бодлого. Энэ бол  халамж  биш” гэж ОУВС-гийнхантай уулзахдаа өөрийнхөө байр суурийг маш тодорхой илэрхийлсэн билээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр банктай холбоотой сөхөгдөж  байсан нэг зүйл нь  цалин, тэтгэвэр, оюутны зээл байсан билээ. Арилжааны банкнууд тэтгэврийн зээлд сард хоёр хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж байгаа юм байна. Иргэдийн  арилжааны банкуудаас авсан  цалингийн, тэтгэврийн зээл 2017 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 2 их наяд 845 тэрбум 310 сая төгрөг гэж Монголбанк албан ёсоор мэдээлсэн байна.

Монгол Улс урьд нь олон улсын байгууллагуудтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ яриа хэлэлцээг хөшигний цаана хийдэг, татвар нэмэх, цалин хөлс нэмэхгүй байгаа байдлаа олон улсын сан хүүгийн байгууллагын  шаадлага гэж тайлбарладаг байсан юм. Тэгвэл  шинэ Ерөнхийлөгч энэ нууцлагдмал байдлыг эвдлээ. Олон улсын байгууллагаас санхүүгийн дэмжлэг авч болно. Гэхдээ төрийн бодлогын амин сүнс болсон хүн ам өсгөх, иргэдийн амьдралын чадварыг хадгалах, цаашлаад дээшлүүлэх тал дээр түүний баримталж байгаа байр суурийг олон нийт дэмжиж байгаа нь ажиглагдаж байна.

Оффшор энэ үг 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш мода болсон нэр томъёо.  Уг нь энэ бол монголчуудын амьдралтай урт удаан хугацаанд хутгалдсан зүйл бол биш, шинэ зүйл. Харин манайд ярьж хэлэгдэн нэр томъёо болон төлөвшихдөө улстөрчид нэг нь нөгөөгөө цохиж унагадаг “бороохой” болгон ашиглаж байгаад хэргийн учир шалтгаан байна гэж үзэх боломжтой.

Монгол Улсын 49 иргэн оффшор бүсэд 16 тэрбум ам.доллар хадгалуулсан байна гэсэн албан бус тоо баримт байдаг.Энэ мэдээллийг баталсан болоод няцаасан иргэн, байгууллага алга. Тэгээд ч тухайн бүстэй харилцах харилцааг зохицуулсан эрх зүйн орчин манай улсад байгаагүй.

Харин “Хөрөнгө орлого мэдүүлэх” тухай хуульд өөрөө өөрийгөө илчлэх тухай жижиг заалт 2017 онд оруулсан юм. Түүгээр улстөрчид, тэдний хамсаатнууд оффшоргүй гэж мэдүүлэх үүрэгтэй. Мэдэгдээгүй нөхцөлд хариуцлага тооцно. Ямарч зохицуулалтгүй байсаныг бодвол “ барих модтой” болсон гэсэн үг. Гэхдээ иж бүрэн зохицуулалт биш болов уу. Байгаа хууль, эрх зүйн орчинд тохируулан Ерөнхийлөгч Х.Баттулга  оффшорчдыг Монгол Улсад мөнгөө оруулж ир гэдэг уриалга гаргалаа. Уриалга бол албадлага биш. Биелэхгүй байж болно.

Ямар нэг эрх зүйн зохицуулалтгүй орны хувьд нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөгдөх хуультай болсон нь сайн хэрэг. Гэхдээ жижиг хуулийн жижиг заалт энэ талаарх үйл явдлыг иж бүрэн зохицуулж чадахгүй биз ээ. Илүү өндөр эрх мэдэлтэнд үйлчлэх хариуцлагын тухай хууль баталж, энэ талаар ярих хэрэгтэй болов уу.

Оффшортнуудыг мөнгө Монголын арилжааны банкнуудад оруулж ирэх  талаар Ерөнхийлөгч уриалга гаргалаа. Түүнд:
- ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.


Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна гэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үүнээс дутахгүй иргэдийн анхаарлыг татсан мэдээлэл нь “төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр” худалдах тухай нэр бүхий гурван хүний ярьсан бичлэг байсан.Ерөнхийлөгч энэ талаар АТГ, Ерөнхий прокурор гээд шат шатны төрийн албан хаагч нартай уулзалт хийж, чиглэл өглөө. Тэдгээр уулзалтын амин сүнс нь төрийн албыг худалдах үйл явдал бодитой бол түүнд оролцсон хүмүүст хариуцлага хүлээлгэх тухай байв. Ингэсний дүнд энэ хэргийг сэргээн шалгах шийдэлд хүрлээ. Энэ бол хууль ёсыг чанд мөрдүүлнэ гэдэг Ерөнхийлөгчийн үндсэн санаа болов уу.

Хууль ёсыг сахин мөрдүүлнэ гэдэгтэй холбогдуулан шинэ Ерөнхийлөгч маань Элчин сайд С.Баяр, М. Энхсайхан нарыг эгүүлэн татах тухай УИХ-тай зөвшилцөх шийдвэр гаргав. Энэ асуудалд иргэд янз бүрийн байр суурьтай байна. Хууль зүйн дагуу байр суурийг Ерөнхийлөгчийн Тамгын газрийн дарга З.Энхболд илэрхийлсэн байх юм. Тэрбээр сонгуулийн сурталчилгаанд төрийн жинхэнэ албан хаагч Элчин сайдууд оролцсон нь хууль зөрчсөн үйлдэл гэсэн  юм.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараахь эхний нэг сарын дотор төрийн хариуцлагатай өндөр  албан тушаалтанууд балан гадааынхантай хийсэн  уулзалтууд дээр хэлсэн үг, илэрхийлсэн байр суурь ийм байна.  Цаашдаа шинэ ерөхийлөгчийн байр суурь улам илүү цэвэр тунгалаг, тодорхой байна биз ээ.                                                                                                                         

Г. Эрдэнэбат
.
 
 
Холбоотой мэдээ