Улаангом хотод 20 гаруй мянган цэцэг тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-08 18:07:50
Увс /МОНЦАМЭ/. Энэ жилийг аялал жуулчлалын жил болгосонтой холбогдуулан Хот тохижилт, үйлчилгээний газраас энэ зун 850 метр квадрат талбайд 12 төрлийн 20 мянга гаруй цэцэг тариалсан байна. Хэдийгээр цаг агаар гандуу, хуурайшилт ихтэй байсан ч Хот тохижилт, үйлчилгээний газрын ажилчид өглөө, оройгүй тарьсан цэцгээ усалж ургуулжээ.

Үүний ачаар нийт цэцгийн 75 орчим хувь нь ургасан байна. Үүний зэрэгцээ үхэр мал төв гудамжаар явж ногоон байгууламжийг ихээр сүйтгэн, хот тохижилтынхны ажилд хүндрэл учруулсаар байна. Хэдийгээр мал орсон тухай бүрт хашиж, торгож, нөхөн сэргээх үйл ажиллагааг тасралтгүй явуулж үр дүн гарахгүй байгаа юм.

“Улаангом хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах гэж өдөр шөнөгүй зүтгэж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй байна. Бүхэл зуны турш хийсэн хүч хөдөлмөрийг маань цөөхөн үхэр хэдхэн минутад сүйтгэж байгаа тул мал бүхий иргэд малдаа эзэн болж хотын төвөөс гадуур бэлчээрлүүлж бидний ажилд туслах хэрэгтэй байна” хэмээн Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтан Б.Хишигдалай хэллээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ