Америкийн кантри дуучин Глен Кэмпбелл нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-08-09 15:19:18
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн жүжигчин, дуучин, хөгжимчин Глен Кэмпбелл даваа гарагт 81 насандаа насан өөд болжээ. Зохих мэдээллийг жүжигчний албан ёсны цахим хуудсанд байршуулжээ.

“Альцгеймерийн өвчинтэй удаан эрэхлхэгээр тэмцэлдсэний эцэст 81 насандаа хайртай нөхөр, эцэг, өвөө, мөн домогт дуучин, гитарчин Глен Трэвис Кэмпбелл насан өөд болсныг бид эмгэнэл гашуудалтайгаар зарлаж байна” хэмээн уг мэдээлэлд дурджээ. Нэрт дуучин Тенниси муж улсын Нэшвилл хотын эмнэлэгт нас нөгчжээ.

Ажил хөдөлмөр, уран бүтээлийн хагас зуун жилийн хугацаанд тэрбээр 40 сая хувиар борлогдсон 70 гаруй цомгийг гаргажээ. Тэрбээр Grammy-ийн шагналыг нэг бус удаа хүртсэн ба 2012 онд Г.Кэмпбеллд хөгжмийн урлаг, дуу бичлэгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсны төлөө хүндэт Grammy-г хүртээж байжээ. 2005 онд түүний нэрийг Нэшвиллийн кантри хөгжмийн Алдрын танхимын жагсаалтад оруулсан байна.

Г.Кэмпбелл 1936 онд Арканзас муж улсад олон хүүхэдтэй жирийн амьдралтай айлд төржээ. Уран бүтээлийн ажлын эхэн үед тэрбээр дуучин Фрэнк Синатра, Элвис Пресли нартай хамтран гитарчинаар тоглодог байсан төдийгүй мөн “The Beach Boys” хамтлагт тоглож байжээ. 1960-аад оноос Г.Кэмпбелл гоцлол дуучны карьераа эхэлсэн ба тэр арван жилдээ нэр алдрын оргилд хүрсэн юм. Г.Кэмпбелл 1967 онд “Gentle on My Mind”, “By the Time I Get to Phoenix” дуугаараа Grammy-ийн шагналыг нэгэн зэрэг хоёр номинацаар хүртэж байжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ