Багш өөрөө овсгоотой байх юм бол монгол бичгийн хэрэглэгдэхүүн элбэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 10:44:14

Монгол бичгийг бүх нийтийн хэрэглээ болгох үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа талаар Булган аймгийн Боловсрол соёлын газрын Монгол хэл бичгийн сургалт хариуцсан мэргэжилтэн Л.Намуунтуяатай ярилцлаа.

 -Монгол бичгийг бүх нийтийн хэрэглээ болгох шийдвэр батлагдсан. Энэ тал дээр таны үзэл бодол хийгээд манай аймаг энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байна?

-Монгол бичгийг бүх нийтийн хэрэглээ болгох үндэсний хөтөлбөр гарсан цагаас эхлэн манай аймгийн Монгол хэл бичгийн багш нар сургалтандаа нэлээд анхаарч байгаа. Анх аймагт монгол бичгийн хэрэглээтэй буюу монгол бичиг мэддэг хүн цөөхөн байсан тул бид монгол бичгийн хэрэглээг олонд таниулахын тулд аймгийн төвийн монгол бичгийн багш нараа цуглуулан өөрсдөө дундаасаа шагналын санг босгон төрийн албан хаагчдын дунд босоо бичиг мину гэсэн уралдааныг зохион байгуулж байлаа. Тэр уралдаан дээр дүрс дуудлага ялгах үгс, гэрийн даалгавар, минутын уншлага, цэвэр бичигтэн баг  зэргийг шалгаруулж байсан. Энэ ажил маань 5 дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа. Сайхан бичгийн улсын уралдааныг угтан аймгийнхаа сайхан бичигтэнг 3 дахь жилдээ шалгаруулж улсын уралдаанд оролцуулдаг болсон. Энэ тал дээр хөрөнгө мөнгөний асуудал хүндрэлтэй байдаг. Эхний жил Гарамсүрэнгийн Идэрмаа гэдэг иргэн 999 мянган төгрөгний шагналын сантайгаар уг тэмцээнийг ивээн тэтгэсэн. Багш, сурагчид, насанд хүрэгчдийн гэсэн төрлөөр маш сонирхолтой өргөн цар хүрээтэй уралдаан болж байсан шүү. Сүүлийн 2 жилд нь аймгийн ЗДТГ – т хандан зохион байгуулах хөрөнгө төсөв шийдүүлсэн. 500, 300 мянга болон шагнал нь буурсан боловч тэмцээний цар хүрээ, нэр хүнд,  оролцогчдын тоо буураагүй.  Мөн хүмүүн бичиг сониноос зохион байгуулдаг сайхан бичгийн уралдаанд манай аймгийн багш суралцагч нар сүүлийн хэдэн жил нэлээд амжилттай оролцож байна. Зоосүрэн овогтой Мөнхнаран 12–р ангидаа уг уралдаанд түрүүлээд одоо МУИС–д урилгаар суралцаж байгаа. Мөн манай аймгийн 12–р ангийн сурагч н.Осоржамба түрүүлсэн байгаа. Үйсэн дээрх бичвэрийн улсын уралдаанд мөн Булган аймгийн н.Цэрэндэжид багш маань түрүүлсэн. Дараа жил нь мөн Рашаант сумын суралцагч Д.Энхзолбоо түрүүлсэн байгаа. За мөн өнгөрсөн жил “Ертөнц” төвөөс зохиосон “Бид өв соёлыг тээгч түгээгч” үндэсний уралдаанд манай Булган аймаг маш идэвхтэй оролцсон. Ингэж оролцоход гол нөлөөлсөн хүн бол намайг жирэмсний амралттай байхад ажиллаж байсан Монгол хэл уран зохиолын багш С.Тунгалаг багш маань юм. Шагналын журмаар С.Тунгалаг багш Хөлөнбуйр аймагт туршлага судлаад ирсэн байгаа. Манай аймгийн Хутаг – Өндөр сумын сургуулийн 2 анги мөн Сайхан сумын сургуулийн 1 анги тус тус эхний болон дэд байруудыг эзэлсэн нь манай аймгийн монгол хэл бичгийн сургалтын чанар чансаа ямар байгааг харуулсан сайхан ажил болсон гэж үзэж байгаа.

-Монгол хэлний болоод монгол бичгийн сурах бичиг аймгийн хэмжээнд хэр хүрэлцээтэй байгаа вэ?

-Монгол хэлний сурах бичиг бол аймгийн хэмжээнд хүрэлцээтэй. Түрээсийн тогтолцооны төсөл хэрэгжиж байсан болохоор сурах бичгийн тал дээр айлтгүй байдаг. Харин монгол бичгийн хувьд 6,7 – р ангийн сурах бичиг гараагүй тул бид хуучин сурах бичгүүдээ сургалтандаа ашиглаж байгаа. Цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотой 6 – 9 – р ангийн багшийн ном хэвлэгдэн гарсан учраас тэрийг ашиглаж байгаа. Ер нь сурах бичиг бол багшийн заавал барих ёстой зүйл биш. Дагалдах хэрэгсэл шүү дээ. Багш өөрөө овсгоотой байгаад хэрэглэж чадах юм бол монгол бичгийн хэрэглэгдэхүүн элбэг байдаг. Хуучин сурах бичгүүдээ ашиглаад байх боломжтой. Хичээлийн бичлэгүүд хэрэгтэй зүйлс цахимаар цацагддаг болсон шүү дээ.

-Мэргэжлийн багш нараа хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна?

-Монгол бичгийн багш нарыг чадавхижуулах тал дээр тэмцээн уралдаан явуулах, туршлага солилцуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Багш нараа улсын чанартай уралдаанд оролцуулах гэхээр цахим дээр моннол бичгээр ажиллах чадвар бага зэрэг гологддог. Өнгөрсөн жил бодлогоор бүр 2 багшийг сургаж уралдаанд оролцуулсан байгаа. Булган сумын 1–р 12 жилийн багш н.Баярчимэг маань амжилттай оролцсон. Ер нь монгол бичгийн багш нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд жил бүр ямар нэгэн сургалт авчих юмсан гэж зорьдог. Бийрийн бичлэгийн сургалтыг 2 удаа авсан байгаа. Гэвч тухайн үед тэрхүү сургалтанд сууж байсан багш нар маань шилжих нь шилжиж, ажлаа солих зэрэг асуудлууд гарсан. Тиймээс шинээр төгсөж ирсэн багш нар маань тэррхүү сургалтыг дахин авах хэрэгцээ шаардлага гарч ирж байгаа. Энэ жилийн хувьд ӨМӨЗО Шилийн гол аймагт нэг багшийн монгол бичгийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд явуулахаар болсон. Гэвч сургуулийн захирлууд нь дэмжлэг үзүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул тэр багш маань хувийн зардлаар явж суралцах хэрэгтэй болсон. Зардал сургалтын төлбөр нь 418 мянган төгрөг болж байгаа. Хувиараа зардлаа төлөөд явья гэсэн багшийг явуулна. Ирээд сурсан мэдсэнээ бусдад зааж сургах ажил дээр нь бид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана. Тухайн багш суралцаж ирснээр манай аймаг үндэсний сургагч багштай болж байгаа юм. Мөн монгол бичгийн цахим сургалтыг авах шаардлагатай л байгаа. Ер нь эх хэл, монгол бичгээ хөгжүүлэх тал дээр улс аймгийн зүгээс анхаарал хандуулахгүй бол бид бор зүрхээрээ л аливаа ажил уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаа. Гэхдээ хэцүү байлаа ч бид өөрсдийгөө болоод суралцагч хүүхдүүдийхээ мэдлэг чадамжийг дээшлүүлэхийн төлөө үргэлж шинийг эрэлхийлж санаачилж ажилласаар байх болно.

-Олимпиад тэмцээнүүдийн ивээн тэтгэгчдийг хаанаас олж байна?

-Хувь хүмүүс иргэд дэмжлэг их үзүүлдэг. Өнгөрсөн жил н.Бадам багшийн охин Эрдмийн өргөө цогцолборын сургалтын менежер Д.Оюунсувд 2 дахь жилдээ монгол бичгийн олимпиадыг ивээн тэтгэж байгаа. Тэр олимпиадаас шалгарсан багш нараа бид улсын олимпиадад оролцуулдаг уламжлал тогтоод байна даа.

-Албан газруудын хаягжилт ямар түвшинд байна, цаашид хийгдэх ажил?

-Бид эхлээд төрийн байгууллагууддаа хандья гээд өнгөрсөн жил 56 албан байгууллагын хаягийн монгол бичгээр болгон өөрчлүүлсэн. Харин энэ жил хувийн байгууллагуудын хаягийг монгол бичгээр хаяглуулья гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхийн тулд эхлээд бид хууль журмаа сурталчилья гэж байгаа. Тэгэхгүй бол гэнэт өөрчлөх гэхээр тэд ямар нэгэн ойлголтгүй үедээ хүлээж авах нь дутуу дулимаг байна байх гэж ярилцаад монгол хэл уран зохиолын багш нартайгаа ярилцсан төлөвлөсөн ажил байгаа.

-Аймгийн хэмжээнд хүн амын монгол бичиг мэддэг нь хичнээн хувь бэ? Тийм судалгаа байдаг уу?

-Тийм судалгаа бол одоохондоо хийгдээгүй. Ер нь цаашдаа энэ талын судалгаа байх ёстой юм байна гэсэн сонирхолтой санааг гаргаж өглөө чиний асуулт.

-Бусад албан байгууллагууд монгол бичгийн мэдлэг чадвараа дээшлүүлэх тал дээр танай байгууллагатай хамтран ажиллах санал ирүүлдэг үү?

-Манай аймгийн албан байгууллагууд манайд ханддаг. Монгол бичгийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болгомоор байнаа албан хаагчдаа гэсэн саналууд шүүх, прокурор, цагдаа, улсын бүртгэл, хөдөлмөрийн хэлтэс зэрэг газруудаас ирдэг. Гэвч багш нарт маань цаг зав төсөв санхүүгийн асуудал тулгардаг. Наад захын жишээ гэхэд мужаан хүн нэг сандал хийгээд хөлс авдаг. Тэгвэл багш хүний нэг цагийн оюуны хөдөлмөр ямар их ачаалал өгч байж тухайн суралцагчид  мэдлэг болж хүрдэг билээ гэдгийг бид бодолцох хэрэгтэй болдог. Гэтэл монгол хэл бичгийн хуулиа биелүүлэхийн тулд багш нар бидэнд заах ёстой гэсэн үзлээр тулгадаг газрууд ч мэр сэр гардаг.

-Хүмүүн бичиг сониныг сургалтад хэр ашиглаж байна. Сурах бичгийн хүрэлцээ муу байгаа үед энэ сонин чухал үүрэг гүйцэтгэх боломжтой санагддаг. Тиймээс энэ сонинг сурагчид хэр захиалж байна?

-Хүмүүн бичиг сониныг захиалаарай гэж бид ухуулах талаас нь уриалдаг. Гэвч бид хүчээр тулгах эрх байхгүй. Цахимаар болон амаар захиалгын зарыг түгээдэг. Захиалгаараа дээгүүр байр эзэлдэг байсан. Ахмад багш нар маань тэтгэвэрт гараад сүүлийн жилүүдэд хүмүүн бичиг сониныг захиалах тал дээр манай аймаг учир дутагдалтай байгаа. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллана.

-Саяхан сайд ирээд манай аймгийн 1–р сургуулиар орж бага ангийн багш Г.Жаргалын тайлбартай дасгалын аргаар зааж байгаа хичээлд сууж үзээд “Бидний хайгаад, яриад, нэвтрүүлэх гээд байгаа арга чинь энэ л байна шүү дээ” хэмээн уулга алдсан. Тэхээр энэ тал дээр ямар ажлууд хийгдэж байна?

-Тайлбартай дасгалын арга бол манай аймгийн брэнд арга шүү дээ. Энэ аргаар манай аймгаас анх гавьяат багш төрсөн. Мөн тайлбартай дасгалын улсын олимпиадад манай аймгаас 20 хувь сурагч эхний 1,2,3 – р байруудыг эзэлчихээд байна. Монгол улсын хэмжээнд 8 багш тайлбартай дасгалын аргыг хэрэглээд гавьяат болсон байгаа. Зөвхөн монгол хэлний хичээлээр биш  физик, биологи, бага ангийн гэсэн чиглэлээр байгаа. Бид энэ тайлбартай дасгалын арга дээр сүүлийн үед нэлээд анхаарал хандуулаад байгаа. Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга бол яах ч аргагүй тайлбартай дасгалын арга. Зарим хүмүүс энэ аргыг хүүхдийг зүгээр яриулдаг, хүчээр цээжлүүлдэг арга гэж боддог. Гэвч энэ аргыг хэрэглэж байх явцад хүүхдийн ярих, бичих, сонсох мэдлэг зэрэг хөгжиж байдаг одоогийн бүтээлч үйлийн аргатай хослуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй. 2012 онд тайлбартай дасгалын хэлэлцүүлэг, арга зүй гэсэн хичээлийг Хишиг–Өндөр суманд зохион байгуулсан. Яагаад Хишиг–Өндөр сумыг сонгосон юм бэ гэвэл тайлбартай дасгалын аргыг хэрэгжүүлэгч Монгол улсын гавьяат багш Ц.Цэдэвийн маань төрсөн нутаг учраас сонгосон. Мөн гавьяат багш Г.Ганчимэгийн тэтгэвэртээ гарахаасаа өмнө зааж байсан тайлбартай дасгалын хичээлийн 60 минутын бичлэгийг бид олж сэргээж бусдад сурталчилахад үнэхээр л ийм аргаар хүүхдэд хичээлийг заахад хичнээн үр дүнтэй байдаг юм бэ гэсэн бодлыг төрүүлэхүйц чанартай арга гэдэг нь харагдаж байсан. 1996 оны Рэнцэндорж багш, Г.Ганчимэг багш, Д.Бадам багш нарын кино бичлэгүүдийг нийлүүлэн сэргээж бүтээл болгон, ирэх жилээс оюуны өмчийн хороонд бүртгүүлж, технологийн санд байршуулах төлөвлөгөөтэй зорьж ажиллаж байна.

П.Батням

 

Холбоотой мэдээ