Туул голын сав газарт шалгалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2017-08-12 11:11:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар гарсан Ажлын хэсгүүд Орхон, Туул, Ерөө, Хүдэр голын сав газарт алт олборлож буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Тухайлбал, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хоёр өдөр Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сумын нутагт алт олборлож буй компаниуд, бичил уурхайн эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийв. Шалгалтын үеэр олон төрлийн зөрчил илэрсэн бөгөөд Ажлын хэсгийн зүгээс мэргэжлийн дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад шилжүүлэхээр ажиллаж байна.

Аж ахуйн нэгжүүдээс ТЭЗҮ батлуулаагүй, Байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, уулын ажлаа зургийн дагуу хийдэггүй зэрэг зөрчил илэрчээ. Харин бичил уурхайн эрхлэгч “Нөхөрлөл”-үүдийн хувьд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах нь олширсон байна. Мөн байгалийн унаган төрхөө алдсан газрыг нөхөн сэргээх нэрийдлээр зөв­шөөрөл авсан компаниуд алт олборлох тохиолдол гарах болсон талаар нутгийн удирдлагууд ярилаа. Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сумдууд Туул голоор заагдлагддаг бөгөөд энэ сав газарт нийт 34 компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж.

Засгийн газраас шаардлагатай бол гол, горхи бохирдуулж буй компаниудыг хууль хяналтын байгуул­лагад шилжүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэх чиглэл гарсан. Цаашлаад тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авах юм. Үүний дагуу БОАЖЯ-наас ахалж, МХЕГ, ЦЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийнхэн мэдээллээ нэгтгэн Засгийн газарт танилцуулах аж.

Ж.Болор
 
Холбоотой мэдээ