Галуут сумын Цагдаагийн хэсэг шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 17:01:12

Баянхонгор аймгийн Галуут суманд Цагдаагийн хэсгийн байр буюу Цагдаагийн кабоны шинэ  барилга ашиглалтад оржээ.

Баянхонгор аймгийн төвөөс алслагдсан 19 сум байдгаас 18 дахь суманд ийнхүү Цагдаагийн хэсгийн байр буюу кабонтой болж байна.

Улсын төсвийн 78 сая төгрөгийн төсөвт хөрөнгөөр баригдсан тус байрын нээлтийн үеэр Галуут сумын Хэсгийн цагдаа ахлах дэслэгч Г.Сүхцэрэн хэлэхдээ, “Цагдаагийн албан хаагчид төрийн томилгоогоор хөдөө орон нутагт томилогдон ирэхэд ажлын байр, амьдрах орчин байхгүй айлын хажуу өрөө эсвэл гэр хөлслөж амьдардаг бөгөөд ажил хийхэд хүндрэлтэй байдаг байлаа. Энэ байр ашиглалтанд орсноор сумын  ард түмэн болон бид бүхнийг ажлаа явуулахад тав тухтай орчинг бүрдэж, ажлын болон амьдрах байртай болж байгаадаа баяртай байна” хэмээн онцлов.

Баянхонгор аймгийн Галуут сум нь аймгийн төвөөс 100 гаруй км-ийн зайтай, хүн амын тоогоор дээгүүрт ордог ба 3815 иргэнтэй байна. Галуут сум нь байршлын хувьд Баян-Овоо, Бөмбөгөр, Эрдэнэцогт зэрэг сумдын дунд байдаг бөгөөд гэмт хэргийн үзүүлэлтээр аймгийн хэмжээнд эхний 5-д бичигддэг байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ