“Ногоон говь” хөгжлийн талаарх мэдээллийг сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-05 19:09:44

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Говийн бүсийн усан хангамжийг сайжруулах, цөлжилтыг сааруулах “Ногоон говь” хөгжлийн төслийн талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсов.

Төслийн талаарх мэдээллийг Усны барилгын инженер, доктор Ц.Батдорж, “Ногоон говь хөгжлийн төсөл” ТББ-ын зөвлөх-гидрогеологич С.Ганхуяг нар хийсэн.

Монгол орны хойт гол мөрний усны нөөц элбэгтэй бүсээс усыг инженерийн байгууламжаар дамжуулан, өмнөд говийн усны эрэлт хэрэгцээг хангах, нөхөн сэлбэгдэх нөөц багатай говийн газрын доорх усны нөөцийг хамгаалах, цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулахад төслийн зорилго оршиж байгаа аж.

Говийн бүсийн усан хангамжийг сайжруулж, цөлжилтийг сааруулахад зайлшгүй гадагш урсан гарч буй гол, мөрний усыг ашиглах шаардлага, хэрэгцээ манай орны хувьд тулгарчээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тухайн бүс нутгийн усны эргэлт, хэрэгцээг хангаад зогсохгүй газар тариалан, ногоон байгууламж, нуур, цөөрмийг олноор байгуулж тухайн бүс нутгийн цөлжилтийг сааруулж “Ногоон хөгжлийн бодлого”, “Ус” үндэсний хөтөлбөр биелэх цаашлаад НҮБ-ийн цөлжилтийн эсрэг конвенцийг Монгол Улс дэмжиж буй томоохон илэрхийлэл болно гэдгийг танилцуулгад дурдлаа.

Байнгын хорооны хуралдаанаар “Ногоон говь” хөгжлийн төслийн талаарх мэдээллийг хангалтгүй байна гэж дүгнээд техник, эдийн засгийн үндэслэлээ Засгийн газарт танилцуулж төслийг дахин сайтар боловсруулан оруулж ирэх нь зүйтэй гэж үзэв. 

Холбоотой мэдээ