Колумбын "ФАРК" бүлэглэл энхийн гэрээ байгуулснаас хойших анхны их хурлаа хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-28 10:45:29
БОГОТА. /ВВС/. Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин буюу “ФАРК” хэмээх босогчдын бүлэглэл засгийн газартайгаа түүхэн энхийн гэрээ байгуулж, зэвсгээ бүрэн хураалгаснаас хойших анхны их хурлаа хийж байна.

“ФАРК”-ийн их хурал өчигдөр Колумбын нийслэл Богота хотод эхэлсэн бөгөөд энэ долоо хоногийн баасан гараг хүртэл үргэлжилнэ.

Их хуралд оролцож буй 1200 гаруй төлөөлөгч бүлэглэлийнхээ шинэ нэрийг сонгох аж.


Энхийн гэрээнд зааснаар, тус бүлэглэл нь ирэх онд болох бүх нийтийн сонгуульд улс төрийн намын хувиар оролцох юм.

“Энэ их хурлаар бид нэрээ сольж, улс төрийн цоо шинэ хүчин болно” гэж тус бүлэглэлийн удирдагч Родриго Лондоно буюу Тименченко мэдэгдэв.

Мөн энэ их хурлын үеэр төлөөлөгчид 2018 оны сонгуульд өрсөлдөх хүмүүсээ сонгох ажээ.

“ФАРК” нь анх газаргүй тариаланчдын эрхийг хамгаалах зорилгоор 1964 онд байгуулагдсан марксист бүлэглэл юм.

Тус бүлэглэлийнхэн болон Колумын Засгийн газар Кубад дөрвөн жил хэлэлцээ хийсний эцэст өнгөрсөн оны 11 дүгээр сард хагас зуун жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнд цэг тавин энхийн гэрээ байгуулсан билээ.

Ингээд босогчид зэвсгээ хураалгаснаар улс төрийн амьдралд хөл тавих эрхтэй болсон юм.
 
Зэвсэг хураалгах ажил энэ оны зургадугаар сард дууссан. Тэд Колумб дахь НҮБ-ын ажлын хэсгийхэнд  7000 зэвсгээ хураалгасан юм.

Үүний хариуд Колумбын Засгийн газар тус бүлэглэлийн 7000 гаруй гишүүнийг өршөөлөөр шоронгоос суллаж, нийгмийн амьдралд хөл тавихад нь тусалж байна.

“ФАРК”-тай энхийн гэрээ байгуулахад гаргасан хүчин чармайлтаараа Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос өнгөрсөн онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн билээ.


Колумбын Засгийн газар одоо “Үндэсний чөлөөлөх арми” хэмээх зүүний төвч үзэлт босогчдын  жижиг бүлэглэлтэй хөрш Эквадор улсад яриа хэлэлцээ хийж байгаа аж.
Г.Доржханд
Холбоотой мэдээ