Гуяанг хотынхны эхлүүлсэн ойжуулалт 2019 онд дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:00:37

БНСУ- ын Гуяанг хотын Ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ким Үн Ю тус хэлтсийн мэргэжилтэн, БНСУ- ын “Ногоон Ази” ТББ- ын төлөөлөлийн хамтаар Мандалговь хотод хүрэлцэн ирэв. 2009 онд Гуяанг болон Мандалговь хот хооронд ойн төгөл байгуулах тухай гэрээ хийж, арван жилийн турш Мандалговь хотод жил бүр 10 га газар мод тарихаар болсон юм.

Одоогийн байдлаар 45 га- д 43 мянган мод тариад байгаа бөгөөд модны ургалт, арчлалттай танилцахаар Гуяанг хотын төлөөлөл ийнхүү иржээ. 

Энэ үеэр тэд Дундговь аймгийн Засаг даргатай уулзаж, 2019 он хүртэл гэрээ ёсоор 100 га талбайг ойжуулж дуусгахаа хэлж, 2009 оноос хойш ойжуулж, модны ургалт жигдэрсэн талбайг түрүүчээс нь тус аймагт хүлээлгэн өгөх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ монголын говь хээрийн бүс нутагт томоохон хэмжээний ойжуулалт хийж, цөлжилт, элсний нүүдлийг сааруулахад бодит хувь нэмэр оруулж байгаад нь БНСУ- ын төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.

Гуяанг хотын хөрөнгө оруулалтаар 6 жилийн турш тарьж байгаа ойн төглийн усалгаа, арчлалтыг ч мөн “Ногоон Ази” ТТБ хийж, БНСУ-аас ойн мэргэжилтнүүд Мандалговьд хотод байнга байршин ажилладаг юм.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд