Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 13 настай энэтхэг охин үр хөндүүлэхээр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-07 09:52:30
ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн, Мумбай хотын хотын оршин суугч 13 настай охинд үр хөндүүлэхийг Энэтхэгийн Дээд шүүх зөвшөөрчээ.

Энэтхэгийн хуулинд “Жирэмсний 20 долоо хоногоос хойш эхийн амь насанд аюул учирсан тохиолдолд  үр хөндүүлэхийн тулд заавал шүүхээс зөвшөөрөл авах шаардлагатай” гэж заасан байдаг учир одоо жирэмсний 32 долоо хоногтой охинд шүүхийн зөвшөөрөл хэрэгтэй байсан юм.

Үр хөндөлтийг энэ баасан гарагт хийнэ гэж охины өмгөөлөгч мэдэгдсэн байна.

Охин гэнэт огцом жин нэмээд байжээ. Эцэг эх нь гайхаад эмчид хандсанаар охиноо жирэмсэн болсныг мэдсэн байна.

Охиныг аавтай нь хамт ажилладаг хүн хүчирхийлсэн бололтой. Сэжигтнийг саатуулан шалгаж байгаа аж.

“Охин минь хэт таргалаад байна. Жин хасах эмчилгээ хийлгүүлэх гэсэн юм” гэсээр охины эцэг эх нь над дээр ирсэн гэж наймдугаар сарын 9-нд охиныг үзсэн эмч ярив.

Энэтхэгийн хойд нутгийн Чандигарх хотод бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 10 настай охин нярайлснаас хэдхэн хоногийн дараа ийм мэдээлэл гарч байна.

 “Жирэмслэлтийг таслан зогсооход хэтэрхий эрсдэлтэй учир үр хөндөх боломжгүй” гэсэн дүгнэлтийг эмч нар гаргасан учир 10 настай охинд  үр хөндүүлэхийг шүүх зөвшөөрөөгүй юм.
-

 
Энэтхэг дэх бэлгийн хүчирхийлэл

·      Энэтхэгт 155 минут тутамд 16-гаас доош насны нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг бол 13 цаг тутамд 10-аас доош насны нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг байна

·      2015 онд 10 мянга гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ

·      Энэтхэгт 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн 240 сая  эмэгтэй амьдарч байна

·      Засгийн газраас явуулсан судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 53.22 хувь нь “бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан” гэж хариулжээ

·      Хүчирхийлэгчдийн 50 хувь нь хүүхдийг таньдаг эсвэл “итгэлт хүн” нь буюу асран хамгаалагчид  нь байдаг аж.
Г.Доржханд

 
Холбоотой мэдээ