Автобусанд 30 минутын дотор дамжин суухад үнэгүй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-11-07 12:54:55

Нийтийн тээврийн үйлчилгээний дамжин суултын хөнгөлөлт өнөөдөр 08.00 цагаас эхэллээ.

Ингэхдээ зөвхөн “U money” карт буюу энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн картаар хөнгөлөлтийг авна. Мөн хөнгөлөлтөөр үнэгүй зорчиж байгаа тохиолдолд тусгай дуут дохио дуугарах юм байна.

 Иргэд автобусанд сууснаас хойш 30 секундийн дараа картыг уншуулах /буух/ боломжтой болох бөгөөд 30 секундийн дотор эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй гэсэн үг. Тэгэхээр та бууж, дараагийн унаандаа сууна гэж төлөвлөсөн бол буудалдаа дөхүүлж байгаад картаа арын хаалганы төхөөрөмжид заавал уншуулах ёстой. Нэгэнт арын хаалгаар картаа уншуулж буусан бол тухайн хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх хэрэгтэй юм. Буух хаалганд картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт боломжгүй.
 
Мөн эхнийхээс бууж, дараагийнхад суух хоорондын хугацаа 30 минут байна гэсэн үг. Түүнээс их хугацаа зарцуулсан бол үндсэн тарифаараа зорчино. Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөнө. Гэхдээ байнга дамжиж суугаад “зугаацаад” байх боломжгүйг санах хэрэгтэй. Учир нь дамжин суултын хөнгөлөлтийг дахин эдлэхийн тулд эхний дамжилтаас хойш дөрвөн цагийн хойно дараагийн хөнгөлөлтөө эдлэх боломжтой болно. Харин бөөнөөр явж байгаад нэг нь бусдыгаа “дааж” картаа уншуулсан тохиолдолд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулна. Эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулаад хөнгөлөлтөө эдлэх боломжтой. Гэхдээ өөр тоогоор буюу хоёр хүний төлбөр төлөхөд хөнгөлөлт эдлэхгүй.
Мөн нэг чиглэлийн автобуснаас бууснаа буцаад тухайн чиглэлийн унаандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй. Дамжин суултын хөнгөлөлтийн хэмжээ нь энгийн карт 500 төгрөг, хүүхдийн карт 200 төгрөг байна. Өөрөөр хэлбэл автобусны үнэ 500 төгрөг байх үед бүрэн хөнгөлөгдөнө. Харин автобусны үнэ жишээ нь 700 төгрөг байвал 500 төгрөг  хөнгөлөгдөж 200 төгрөгийн төлбөр төлөлт хийх ажээ.

“U money” карт болон дамжин суултын хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Хэрэглэгчийн төв”-ийн 70151289, Нийслэлийн тээврийн газрын 11-326352 утсаар авах боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ