Эмийн үнэ, борлуулалтад хяналт үгүйлэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:13:30

Дорнод аймгийн төвд эмийн үйлчилгээ эрхэлдэг эмийн сангуудын үнэ хоорондоо харилцан адилгүй байдаг гаж тогтолцоо нэгэнт тогтчихжээ.

Нэг эмийн санд 2000 төгрөгийн үнэтэй эмийг нөгөөгөөс нь асуухаар 2500-3000 гэх мэт зөрүүтэй үнэ хэлдэг. Дээр нь ЭМЯ-наас гаргасан хөнгөлөлттэй эмийн жагсаалтаар эм авна гэдэг бол бүүр худлаа болсон. Эмийн бичгээ бариад очихоор манай хөнгөлөлттэй эм дууссан гэх үгийг бараг л бүгд хэлнэ дээ. танил талгүй л бол хөнгөлөлтийн бичгээр эм авна гэдэг харганы унгас түүж эсгий хийхтэй адил болжээ.

Энэ нь цаанаа эмийн нууц бизнес хот гэлтгүй хөдөө ч гаарч байгааг илэрхийлнэ. Ганц хоёрхон жишээг дурдахад ДЭМБ-ын төслөөр үнэгүй өгч байсан жирэмслэлтээс хамгаалах тариаг төсөл хэрэгжих явцад аймаг, нийслэлийн эрүүүл мэндийн газраар болон өрхийн эмнэлгээр тарьж байсан. Гэтэл зарим эмийн сангууд уг тариаг 7500-10000 төгрөгөөр борлуулж байна гэсэн гомдол иргэдийн амнаас салдаггүй. Tөсөл энэ сард дууссантай холбоотойгоор эмийн сангуудад зарах зөвшөөрлийг нь өгснөөс хойш үнэ нь огцом өссөн гэж хэрэглэлэгчид ярьж байна. Өөр нэг жишээ бол бэлгэвч. Бас л төслөөр үнэгүй тараагдаж байсан. Харин төсөл эхэлсэн цагаас хойш үнэгүй тараасан эмийн сан бараг байхгүй. Уг төсөл дууссан ч эмийн сангуудаар дүүрэн “үнэгүй тараагдана” гэсэн бичигтэй бэлгэвчүүд зарагдсаар л. Tөслөөс ирсэн зүйлийг их хэмжээгээр хадгалж байгаад зарж байгаа гэдэг нь тодорхой. Нөгөө 2014 онд үнэгүй тараагдаж байсан ЭМЯ гэсэн бичигтэй алтан соёмбоо наасан алдарт бэлгэвч шүү. Бэлгэвч ч яахав хамгийн гол нь хэзээ Дорнодын эмийн сангууд нэг ижил биш юм аа гэхэд ойр үнээр эмээ худалдаалах вэ. Үүнийг хянадаг хариуцдаг газрууд нь үүнд анхаарлаа хандуулахгүй бол ядуу ард түмэн эмээ авч чадахгүй бурхан болсоор байх уу.

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд