Блокчейн нэвтэрснээр эдийн засагт 5-10 жилд “асар их дэвшил” гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-09-17 10:41:48
МОСКВА./ТАСС/. Оросын Хадгаламжийн банкны тэргүүн Герман Греф блокчейн-ийг бизнес, төрийн удирдлагад нэвтрүүлэн ашиглаж эхэлснээр эдийн засагт “асар их дэвшил” авчирна гэж үзэж байгаа ажээ. Энэ тухай тэрбээр “Тоон эдийн засаг. Z үе” сэдэвт арга хэмжээний үеэр мэдээлжээ.

Инновацын чухлаас чухал тоон технологийн нэг болох блокчейн технологийг ашиглах нь эдийн засаг, улс төрийн салбарыг өөрчлөх чадвартай ба хэдийгээр одоохондоо төгс болоогүй байгаа ч энэ технологи маш их ирээдүйтэй, тиймээс өөрчлөгдөж буй зах зээл дээр өөрийн байр сууриа хадгалан үлдэхийг хүсч буй компаниуд одооноос эхлэн уг технологийг туршиж үзэж байсан нь дээр хэмээн Г.Греф онцлон тэмдэглэжээ.

“5-10 жилд эдийн засагт бүхэлдээ асар том дэвшил гарсан байна гэж би бодож байна” хэмээн тэрбээр хэлээд харин эдийн засаг, бизнес-загварууд чухам яг яаж өөрчлөгдөхийг урьдчилан таамаглан хэлэх боломжгүй гэжээ.

“Надаас блокчейн технологи хөгжин нэвтрээд ирэхлээр Оросын Хадгаламжийн банк байх уу гэж асуудаг. Ерөөсөө бизнесийн ямар төрлүүд тэсч үлдэх нь маш том асуудал юм. Бид одоо блокчейн эдийн засгийн тухай ярьж байна, яагаад гэвэл энэ технологи бүх салбарыг хамарсан технологи учир асар их боломжийг олгож байгаа юм. Бизнес-загварууд хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилсан хэлэх боломжгүй” хэмээн Г.Греф ярьжээ.

Оросын Хадгаламжийн банкны тэргүүний үзэж байгаагаар, ердөө тав хүрэхгүй жилийн дотор блокчейныг аж үйлдвэрийн загваруудад хэрэглэх боломжтой болох ба бүрэн хэрэгжих хугацаа 7-10 жил байх ажээ.
О.Барс
Холбоотой мэдээ