Зөвлөгөөний үеэр 10 орчим иргэдийг шууд ажлын байрт зуучлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-17 20:25:12
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор нийгмийн түншлэлийн 3 талын оролцоотой “Нийгмийн түншлэл- Хамтын ажиллагаа-2017” сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж 10 орчим  иргэдийг шууд ажлын байрт зуучилжээ.

Зөвлөгөөнд  Мэргэжлийн хяналт, Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч байгууллага, ажил хайгч иргэд, халамжийн мэргэжилтэн зэрэг 300 орчим иргэд оролцов. Энэ үеэр “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, түүний хэрэгжилт”, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтэд үйлдвэрчний эвлэлийн оролцоо, хувийн хэвшлийн байгууллагуудын хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал зэрэг сэдвээр ярилцаж байнгын ажлын байр олноор бий болгосон шилдэг аж ахуйн нэгжийг шагнаж урамшууллаа.  Тус аймгийн хэмжээнд  он гарсаар 1129 идэвхтэй ажил хайгч иргэн бүртгэгдэж 682 иргэн зуучлагдсанаас 482 иргэн байнгын ажлын байртай болжээ. Харин 8 сараас эхлэн жимс, самар боловсорч эхэлсэнтэй холбогдуулан идэвхтэй ажил хайгч иргэдийн тоо эрс буурсан байна.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ