Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан 70 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-19 18:13:48
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Чингис хаан одонт, Монгол Улсын СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн түүхт 70 жилийн ой тохиож, түүхэн ойгоо үе үеийн удирдлагууд, номын санчид, уншигчдынхаа хамтаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Аймгийн Нийтийн номын сан нь бие даасан үйлчилгээтэй, иргэдэд ном хэвлэл мэдээллээр үйлчилдэг, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий орон нутгийн төрийн өмчийн соёлын байгууллага юм. Тус номын сан нь монгол, англи, орос хэл дээр хэвлэгдсэн 46 мянга гаруй боть номтой, жилд дунджаар 3000 гаруй уншигчдад, 24000 орчим ирэгсдэд 37000 гаруй ном хэвлэл олгон үйлчилж байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сум, сургуулийн номын сангуудад мэргэжил заах аргазүйн зөвлөгөө өгч, удирдлагаар ханган ажиллаж байна. Номын санг автоматжуулах ажлын хүрээнд номын сангийн Lib4U программыг нэвтрүүлж цахим үйлчилгээнд шилжсэний зэрэгцээ 12 сумын соёлын төвийн номын санд мөн энэхүү цахим үйлчилгээг бүрэн нэвтрүүлээд байгаа билээ.

Номын санг иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, сонирхлоороо нэгдэх, хамтдаа хөгжих төв байлгах зорилгоор уулзалт яриа, хэлэлцүүлэг, төрөл бүрийн хөтөлбөрүүд, нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна. Ном хандивлах аян, үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг уралдаан, Номын баяр, хөрш орны соёлын байгууллага, номын сантай хамтран илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний хурал зэрэг нь тэдний уламжлалт ажлууд болжээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ