"Төвийн бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд-2017" онол үйлдвэрлэлийн бага хурал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-20 13:42:30
Архангай /МОНЦАМЭ/. Монголын Мал эмнэлгийн холбоо, аймгийн мал эмнэлгийн салбар зөвлөлтэй хамтран "Төвийн бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд-2017" онол үйлдвэрлэлийн бага хурлыг Архангай аймагт зохион байгууллаа. Хуралд Монголын Мал эмнэлгийн холбоо, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, МЭЭСБУЛ, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Архангай аймгийн мал эмнэлгийн алба болон сумдын мал эмнэлэг үржлийн тасаг, үржлийн нэгж, холбогдох төриийн бус байгууллагын төлөөлөл бүхий 150 гаруй малын эмч, мэргэжилтнүүд оролцжээ.

Энэхүү сургалтын гол зорилго нь ХХААХҮЯ-аас дэвшүүлсэн эрүүл хүнс, Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр боловсруулагдаж буй мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик сангийн тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэж байгаа энэ үед орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын малын эмч, мэргэжилтнүүдийн саналыг тусгах, Монгол орны хэмжээнд малын шинэ болон хуучны гардаг байсан малын халдварт өвчин дахин дахин гараад байгаа шалтгааныг олох, цаашдаа малыг эрүүл байлгах, малын гаралтай түүхийн эдийн экспортыг нэмэгдүүлэхэд юун дээр анхаарах вэ, дээрээс нь салбар дундын байгууллагуудын уялдаа холбоог хэрхэн сайжруулах вэ гэсэн асуудлууд дээр олон талаас нь ярилцаж, гарц гаргаж шийдвэр гаргах түвшинд хүргэх явдал юм.

Харин мал эмнэлгийн салбарт олон зүйл тулгамдаж байгаагийн нэг хэсэг нь малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, малчдын хариуцлагыг нэмэгдүүлж, мал эмнэлгийн чиглэлээр малчдыг мэдээллээр хангах чиглэлийн асуудлууд бага хурлын үеэр нэлээд хөндөгдөж яригдсан. Хурлын төгсгөлд малыг өвчилсний дараа тарилга хийж эдгээх юм уу эсвэл устгалд оруулж эдийн засгийн хохирол амссанаас малаа өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх, эрүүл байлгах тал дээр олон талаасаа анхаарч, нэлээд олон ажил зохиох хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ