Д.Оюунхорол: Ногоон эдийн засагт хөрөнгө оруулах нь илүү үр ашигтай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл /НЭЗТТ/-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол өнөөдөр хүлээн авч уулзлаа.
БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол энэ үеэр хэлэхдээ, “Монгол Улс бол уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай улс. Тэр утгаараа экологийн тэнцвэр алдагдах болон цөлжилт цаашид үргэлжлэх хандлагатай байна. Тиймээс засч болохгүй аюултай байдал үүсэхээс өмнө хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих шилжилтийг хийж эхлээд байна. Байгаль орчны төлөв байдлын судалгааг эрдэмтэн, судлаачдынхаа хүчин чармайлтаар хийж гаргасан.
Үүний үр дүнд уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хүчтэй нөлөөлж байгааг тодорхойлоод байна. Дулаарал хүчтэй нөлөөлсний улмаас олон гол, мөрөн хатаж, ширгэх аюулд ороод байна. Мөн энэ жил нийт 140 орчим гал түймэр гарсны 40 гаруй нь хүний хүчин зүйлийн нөлөөгүйгээр бий болсон байдаг. Тиймээс хүрэн эдийн засгаас ногоон руу шилжихийн тулд цаг алдалгүй дунд болон урт хугацааны бодлого, нарийвчилсан судалгаан дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл буюу PAGE-ийн төсөл, хөтөлбөрүүд үүнд гол нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Ногоон эдийн засагт шилжихийн тулд аль салбарт хөрөнгө оруулах вэ гэдэг дээр мөн анхаарах ёстой. Ер нь ногоон эдийн засагт хөрөнгө оруулах нь хүрэн гэж ярьдаг эдийн засагт хөрөнгө оруулахаас илүү үр ашигтай. Ялангуяа жендерийн тэгш байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Эмэгтэйчүүд ажлын байраар илүүтэй хангагдана гэсэн үг. Мөн аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, олон нийтэд боловсрол олгох чиглэлд тусгайлсан төсөв гаргах хэрэгтэй. Мөн хүүхэд, залуучуудад боловсролын системээр нь дамжуулж эх дэлхийгээ хайрлах, дулаарал, цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авах зэрэг боловсрол олгох нь маш чухал зүйл. Ингэж байж бид үр хүүхэддээ ногоон дэлхийг өвлүүлэн үлдээж чадна” гэсэн юм.
Мөн үеэр НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн дарга, гишүүд хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих шилжилтэд шаардлагатай бүхий л тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Б.Туул