Цагаан хадан дахь Гаалийн хяналтын бүсүүдийг нээхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-20 14:42:11
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад дахь Гаалийн хяналтын бүсийг нээхээр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын захирамжаар Ерөнхийлөгчийн Гааль, Татварын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх О.Амгаланбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Цагаан хад, Гашуун сухайт боомтонд ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар гаалийн хяналтын талбайн үйл ажиллагаа зогссон, Хятадын Гаалийн татан авалт хангалттай биш байгаагаас шалтгаалан нүүрс тээвэрлэлтийн автомашинуудын 100-150 км үргэлжилсэн дараалал үүсчээ. Тэд нэг рейс хийхдээ 10-14 хонож хил гарч байгаа юм. Тус сумын ИТХ-ын дарга Ш.Эрдэнэжаргал, Засаг дарга Б.Дэндэвсамба нар орон нутагт үүсээд байгаа нөхцөл байдлыг ажлын хэсэгт танилцуулж, цаашид хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар саналаа илэрхийллээ.

Нүүрс тээврийн замд үүссэн хүнд нөхцөлийг бууруулахын тулд цаашид уртын тээврийг болиулж, урт, богинын тээврээр ажиллуулах, богинын тээврийг Хятадын тал гүйцэтгэх гэдэг дээр аймаг, сумын удирдлага болоод ажлын хэсгийн хуралд оролцсон хүмүүс мөн жолооч нар санал нэгтэй байна. 
Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагийн үр дүнд Гаалийн Ерөнхий газрын шийдвэр гарч, Цагаан хадан дахь Гаалийн хяналтын бүсүүдийг нээн ажиллуулахаар боллоо гэж Ханбогд сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Д.Мишигсүрэн

 
Холбоотой мэдээ