С.Бямбацогт: Үндсэн хуулийн өөрчлөлттэй танилцах боломжийг иргэдэд олгох ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-09 16:19:57

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" тогтоолын төсөл, УИХ-ын сонгуультай холбоотой гурван хуулийн төсөл, "Халх гол чөлөөт бүс байгуулах тухай" УИХ-ын 75 дугаар тогтоолыг тус тус хэлэлцлээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар мэдээлэл хийв. МАН-ын бүлэг УИХ-ын сонгуультай холбоотой хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ. Ингэхдээ тухайн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа сонгуулийг шударга явуулах боломж бололцоог бүрдүүлэх нэмэлт өөрчлөлтүүдийг нарийвчлан ярилцахаар болов.

Мөн Н.Батбаяр нарын гишүүдийн өнгөрсөн баасан гаригт өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Ард нийтийн санал асуулга явуулахад 5.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон байна. Санал асуулгыг богино хугацаанд шахаад явууллаа гэхэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үзэл баримтлалтай ард иргэдийг танилцах боломжоор хангах ёстой. Тийм хугацаа өгөхгүй байна" гэлээ. Нөгөө талаар ард нийтийн санал асуулгыг "хар машин"-аар тоолуулах боломжгүй гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв.

Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа "Халх гол чөлөөт байгуулах тухай" УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй хэмээн үзсэн гэж бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ