Дундговь аймаг мал үржлийн ажлын стратеги төлөвлөгөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-26 11:25:36
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь  аймгийн хөдөө аж ахуйн салбар мал үржлийн ажлын стратеги төлөвлөгөөтэй боллоо. Мал сүрэг хувийн өмчид шилжсэн үеэс үржил селекцийн ажил нэгдсэн зохион байгуулалт, системгүй хорь гаруй жил явж ирснийг зайлшгүй засах шаардлага тулгарч байгаа ийм үед орон нутагтаа стратеги төлөвлөгөөтэй болно гэдэг тун зүйтэй хэмээн мал зүйчид сайшааж байна. Мал зүйчид анхдугаар зөвлөгөөнөөрөө энэхүү стратегийг санал нэгтэй баталсан юм.

Омог үүлдрийн малтай болох, түүнийхээ онцлог хэвшил, ашиг шимийн чанарыг хамгаалж бататган сайжруулах, өсгөн үржүүлэх, сайн чанарын хээлтэгч, хээлтүүлэгч бэлтгэн зах зээлд нийлүүлэх, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацад тохируулан мал сүргийн бүтцийг тодорхойлох гэх зэргээр мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглэсэн зохистой олон ажлыг үржлийн ажлын стратеги төлөвлөгөөгөөр хэрэгжүүлдэг байна.

“Дундговь аймгийн хувьд, аль суманд ямар малаа түлхүү үржүүлэх вэ, тухайлбал, урд талын сумдад тэмээгээ, хойд хэсэгтээ адуу, баруун, зүүн сумандаа хонь, ямаагаа түлхүү өсгөе гэсэн ерөнхий чиглэл барьж явсан уу гэхээс стратеги төлөвлөгөө байгаагүй. Ашиг шимт малаа омог болгож үржүүлэх хэтийн зорилготойгоор ийнхүү төлөвлөж байна гэдэг тун зөв асуудал” гэж ахмад мал зүйч Г. Бөхчулуун ярилаа. Хамгийн гол нь мал үржлийн ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, шинжлэх ухааны үндэстэй хийдэг болох, ингэснээр малынхаа чанарыг сайжруулж, ашиг шимийг өсгөхөд стратеги төлөвлөгөө мал зүйчдийнхээ мэргэжил, туршлагыг нэгтгэн хэрэгжихээрээ ач холбогдолтой болно. Энэ бол малчдын ч хүсч байгаа зүйл гэдгийг мал зүйчид хэлж байна.

Стратеги төлөвлөгөөний эхний хэсэг 2020 он хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд хийх гол ажил бол Хулд сумын Олдохын талын тэмээ, Өндөршил сумын Шил адуу, Сайнцагаан сумын Далай багийн хонинд хийсэн генетик тогтоцын судалгааны дүн дээр суурилан  эдгээр мал бие даасан омог болоход шаардагдах нарийвчилсан  судалгаа шинжилгээнүүдийг  мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээр хийлгэх явдал гэдгийг аймгийн ХХАА-н газрын Мал аж ахуйн албаны ахлах мэргэжилтэн Ж. Батбилэг тодотгосон юм.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ