НҮБ-аас хүн хулгайлан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-28 11:04:38
НЬЮ-ЙОРК. /Эн-Эч-Кэй/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас олон улсын байгууллагуудад хандан хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоохын тулд хамтарсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриаллаа гэж "Эн-Эч-Кэй" телевиз мэдээллээ.

Лхагва гарагт эхэлсэн 2 өдрийн дээд түвшний уулзалт нь дээрх асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцсэн анхны хуралдаан болсон юм. Уг хуралдаанд 100 гаруй орны төлөөлөгчид, 70 орчим улсын сайд нар оролцож байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ "хүн худалдаалах гэмт хэрэгт дүрвэгсэд болон цагаач иргэд хамгийн их өртдөг бөгөөд тэднийг хүлээн авч байгаа орны засгийн газар, байгууллагууд тэднийг гэмт хэрэгтэн мэт үзэж ханддаг нь байдлыг улам хүндрүүлдэг" гэжээ. Тэрбээр дүрвэгсэд болон цагаач иргэдийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг уриалсан байна.

"Хүн худалдаалах гэмт хэрэг арилаагүй байхад ирээдүй өнгөрснөөс сайхан байх болно гэж бид залуу үедээ хэлж чадахгүй, итгэл найдвар, боломж бололцоог дэлхийн бүх хүмүүст амлаж чадахгүй. Бид бүгдээрээ нэгдэн нийлж, уг жигшүүрт үйлдлийг таслан зогсоох цаг нь болсон" гэж А.Гутерриш онцлон тэмдэглэсэн байна. 

Уг хуралдаанд оролцогчид хүн худалдаалах гэмт хэргийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэгдсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын уриалгыг санал нэгтэйгээр дэмжив. Улс орнууд хүн худалдаалах гэмт хэргийн сүлжээг илрүүлэхийн тулд мэдээлэл солилцох, уг гэмт хэргийн хохирогчдод туслалцаа дэмжлэг үзүүлэхээр харилцан тохиролцсон байна. 
Х.Сарнай 

 


Холбоотой мэдээ