Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 10:08:28

 Шаамар сумаас бэлтгэсэн багц мэдээ

Урлаг соёлын үйл ажиллагааг тав тухтай орчинд хүргэх боломж бүрдлээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сум сумынхаа ард иргэдэд урлаг, соёлын, үзвэр үйлчилгээг хүргэх, хүүхэд багачууд, залуучууддаа зориулан дуу, бүжиг, хөгжмийн дугуйлан хичээллүүлэх шинэ байраа хүлээн авлаа.

Тус сумын соёлын ордоны барилга олон жил болсон учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй, нурж унахад бэлэн болсон байсан юм. Ингээд Шаамар сумынхны хувьд олон жил хүсэн хүлээсэн мөрөөдөл нь биелж, шинэ соёлын төвтэй боллоо. Шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн Боловсрол Соёлын газрын дарга Д.Загдгочоо болон холбогдох мэргэжилтнүүд, барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл, сум орон нутгийн удирдлагууд болон төр төсвийн байгууллагууд, иргэд хөдөлмөрчид оролцлоо. Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлж, авьяаслаг хүүхэд багачууд, ардын авьяастнууд урлагийн тоглолтоор бэлэг барив. Соёлын төвийн уг барилга нь улсын хөрөнгө оруулалтаар 1.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр, 250 хүний суудал бүхий урлагын заал, орон нутаг сурталчлах танхим, номын сан, бүжгийн, хөгжмийн дугуйлангийн өрөө тасалгаатай баригджээ. Ийнхүү Шаамарчууд ард иргэддээ урлаг соёлын үйл ажиллагааг тав тухтай орчинд хүргэх боломж бүрдсэн шинэ соёлын төвтэй боллоо. Тус сумын иргэд нэн таатай байгаагаа илэрхийлж байлаа.

  “Хүүхдийн төлөө” сайн үйлсийн аян зохион байгуулжээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хэмжээнд “Хүүхдийн төлөө” сайн үйлсийн аяныг 7 хоногийн турш зохион байгуулсан байна.

Тус аянаар сумандаа амьдарч байгаа, нийгмийн дэмжлэг шаардлагатай зорилтот бүлгийн 21 өрхийн 26 хүүхдийн сурч боловсрох нөхцөлийг нь бүрдүүлж өгөх үүднээс наад захын хэрэглээ болох хичээлийн хэрэглэл, гутал хувцас, тоглоом наадгай, хоол хүнс, мөнгөн дэмжлэг зэрэг хандивыг цуглуулсан байна. тус үйл ажиллагаанд Шаамар суманд үйл ажиллагаа явуулж буй төр төсвийн байгууллага, аж ахуйн нэгжүүд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.

Авлигын эсрэг хамтдаа сургалт зохион байгууллаа

Сумын төр, төсвийн байгууллагын дарга, эрхлэгч, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч мэргэжилтэн нарт “Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.

Тус сургалтанд Шаамар сумын төр төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчид хамрагдсан байна. Тэд сургалтаар Төрийн үйл ажиллагаанд нийтлэг гарч буй зөрчил болох ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл тайлбарыг хэрхэн гаргах, урьдчилсан мэдүүлэг, ХАС, ХОМ-ын талаар мэдээлэл өгч, харилцан ярилцаж хориглолт, хязгаарлалтыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах талаар заавар зөвлөмжийг өгчээ. Мөн сургалтан суусан албан тушаалтнуудад гарын авлага, эрх зүйн баримт бичиг тараан өгсөн байна.

Алслагдсан багт төрийн үйлчилгээг хүргэжээ

Шаамар сумын ЗДТГ-аас 2015 оныг “Хамтарч шийдье-Хөгжин дэвшье” жил болгон зарласан байна. Энэхүү зарласан жилийн хүрээнд алслагдсан багийн айл өрх, иргэдэд хүрч үйлчлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ажээ.

Тухайлбал энэ оны 06-р сард “Дэлгэрхааны” 1-р багийн 49-р км, “Ногоо Шаамар”, 34-р км-т ажилласан бол энэ сарын эхээр “Охиндий” 2-р багийн “Нарсан сүүл”-ийн хэсэгт тус тус ажиллаж, малчид, тариаланчдад төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай,  шуурхай хүргэн ажиллажээ. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд Иргэний болон эд хөрөнгийн эрхийн бүртгэл, Газар өмчлөл, Нийгмийн даатгал, Халамж, Хөдөлмөр эрхлэлт, Хяналт шалгалт, Цагдаа, Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, Соёл урлаг, спортын үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шаамар сумын удирдлагууд, багийн Засаг дарга нар, цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн төвийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг амралтын өдрүүдэд “Дэлгэрхаан” 1-р баг, “Охиндий” 2-р баг, “Дулаанхаан” 3-р багуудын малчин өрхүүдээр явж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцжээ.

Тэд малчдад цаг үеийн мэдээ, мэдээллийг өгч эрүүл мэндийн үзлэгийг хийсэн байна. Сүүлийн үед санхүү мөнгөний хомсдлоос хамаарч төв зам дагуу малын хулгай ихсэх болсон аж. Иймээс малчид малаа өдрийн цагаар хамтарч байнга хариулах, түүнчлэн бүлгийн зохион байгуулалтаар ажиллах талаар хуулийн таниулга сурталчилгааг хийжээ. Мөн тус сумын ХАА-н тасгийн мэргэжилтнүүд хадлан тэжээл, ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг авч нөөцлөх талаар зөвлөмж өгчээ. Тэд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх судалгааг нийт 85 өрхөөс гарган авсан байна.  

Гүний худаг барих ажил зогссон байна

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд баригдаж байгаа гүний худгийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа зогссон байна. 

Тус сумын “Охиндий” 2-р багийн 4, 5-р хэсгийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Гүний худаг”-ийн үйл ажиллагаа санхүүжилтын улмаас зогссон байна. Уг худаг нь 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, 22 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр баригдаж байгаа ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ