“Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-11 12:12:46

КОПЕНГАГЕН. /Sputnik/. “Facebook” байнга ашигладаг хүмүүс гутралд ордог байна. Нийгмийн сүлжээг ашиглахгүй байвал сэтгэл санаа өөдрөг байдгийг “аз жаргалын судлаачид” олж тогтоосон байна.  

Данийн нийслэл Копенгаген хотод орших Аз жаргалын судалгааны хүрээлэнгийн судлаачид нийгмийн сүлжээг ашиглагчдын хоёр бүлгийг харьцуулсан байна. Эхний бүлэг “Facebook” байнга ашиглаж, хоёр дахь бүлэг долоо хоногийн турш нийгмийн сүлжээг огт хэрэглээгүй байна. Судалгааны өмнө, оролцогчдын 94 хувь нь “Facebook”-т өдөр тутам ордог байжээ.

“The Local” сонинд мэдээлснээр, “Facebook” хэрэглэхээ больсон хүмүүсийн сэтгэл ханамжийн түвшин 7.56-аас 8.12 болж өсөн, аз жаргалын дундаж түвшин нэмэгджээ.  Гэвч  хэрэглэхээ үргэлжлүүлсэн бүлгийн аз жаргалын оноо 7.67-оос 7.75 болсон байна.

Нийгмийн сүлжээнд буй бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулах хандлагаас уг ялгаа гарсан гэж Аз жаргалын судалгааны хүрээлэнгийн захирал Майк Викинг үзэж байна.  

“Бидний бодит байдлын ойлголт, бусдын амьдралын жинхэнэ дүр зургийг "Facebook” гуйвуулдаг. Бусад хүмүүс юу хийж байгаатай хүмүүс өөрсдийгөө харьцуулдаг бөгөөд хүмүүс нийгмийн сүлжээнд ихэвчлэн эерэг нийтлэл тавьдаг учир маш их нэг талыг барьсан бодит байдлын ойлголтыг бидэнд төрүүлдэг” гэж тэрбээр хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ