С.Бямбацогт: Бид Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн саналаа тайлбарлах эрхтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-11 13:21:16

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн билээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт  ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан. Төсвийн тухай хуульд ирэх оны төсвийг 11 дүгээр  сарын 15-нд багтаан батална гэж заасан тул МАН 5 хоногийн засварлага авахаар хууль зөрчих юм. Тиймээс УИХ-ын дарга нэг цагийн завсарлага өгөх шийдвэр гаргасан. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос завсарлага авсан шалтгааныг тодрууллаа.

-Төсөв батлах эцсийн хугацаа дуусахад дөрөв хоног үлдээд байхад яагаад завсарлага авах хүсэлт гаргах болов?

-Завсарлага авсан шалтгаан маш тодорхой. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явах үед гишүүд, нам эвсэлийн бүлгүүд гаргасан саналаа тайлбарлаж үг хэлнэ гэж заасан. Харамсалтай нь УИХ-ын дарга гишүүдийн гаргасан саналаа тайлбарлаж, үг хэлэх боломжийг бүрдүүлэхгүй байна. Ийм байдлаар гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хаагаад байгаа учраас бид завсарлага авсан.

МАН-ын бүлэг төсвийн урсгал зардал нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа. Гэтэл хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, боловсруулах ажлын хэсгээс маш олон зардал нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Үүний шалтгааныг тодруулах боломж ч олгохгүй байгаа юм.

-УИХ-ын дарга 5 хоногийн завсарлага авбал хууль зөрчинө гэж үзээд нэг цагийн завсарлага өглөө. Тэгэхээр танай бүлэг чуулганд орох уу?

-Одоо бүлэг хуралдаж байж энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар эцсийн шийдвэрийг гаргана. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нам, эвслийн бүлэг завсарлага авах хугацаагаа өөрсдөө тодорхойлдог. Тиймээс хэд хоногоор завсарлага авахаа бид өөрсдөө шийднэ.

-УИХ-ын даргын өгсөн нэг цагийн завсарлага одоо дуусах гэж байна. Чуулганд орох үгүйг  танай бүлэг хуралдаж шийднэ гэсэн үг үү?

-Тиймээ, МАН-ын бүлэг одоо хуралдана

-Тав хоногийн завсарлага авчихаар хуульд заасан хугацаандаа багтаж төсвөө баталж чадахгүй юм биш үү?

-Үүн дээр бид ярилцах ёстой. Хамгийн гол нь гишүүд, нам эвслийн бүлгүүд байр сууриа илэрхийлэх, саналаа хураалгах боломжоор хангавал бид заавал завсарлага авах шаардлага байхгүй. Хамгийн гол нь УИХ-ын дарга хурал удирдах эрхээ хэтрүүлээд байгаа учраас бид завсарлага авсан.

-Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр сөрөг хүчин асуулт асууж, үг хэлдэггүй дэгтэй юм биш үү?

-УИХ-ын дэгийн тухай хуулийн 25.14-т гишүүд, нам эвслийн бүлэг гаргасан саналаа тайлбарлаж үг хэлнэ гэж заасан. Бид Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн саналаа тайлбарлаж үг хэлэх эрхтэй.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ