Б.Болор: Төсвийг хуульд заасан хугацаанд батлах нь УИХ-ын үүрэг

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-11 14:05:54

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад МАН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан. МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаа бөгөөд УИХ-ын дарга хүсэлтийг нь хүлээн авсан тохиолдолд 2016 төсөв хугацаандаа баталж чадахгүйд хүрнэ. Энэ талаар Сангийн сайд Б.Болороос зарим зүйлийг тодрууллаа.

-Анх оруулж ирсэн төсөв нэлээн өөрчлөгдлөө. Сангийн сайдын хувьд ирэх оны төсвийг хэрхэн харж байна вэ?

-Төсөв нэлээн эвдэрсэн. Анх бүгд л хэмнэ, тана гээд байсан. Түүгээр нь боловсруулаад оруулахаар болохгүй байна гээд байх юм. Аль ч хувилбараар нь хийсэн таалагдахгүй юм байна шүү дээ.

-Ирэх онд төсвийн алдагдал хэдэн хувь болох төлөвтэй байна вэ?

-Үндсэн төсвийг алдагдалгүй оруулж ирсэн. 3,2 хувийн алдагдал гэдэг нь Хөгжлийн банкаар хийж байгаа төсөл арга хэмжээнүүдийн зардал. Гишүүд үүнийг ойлгохгүй байгаа дүр үзүүлээд байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад төсөл өөрчлөгдсөнөөс ирэх оны төсөв алдагдалтай батлагдах төлөвтэй болоод байна. Энэ төсөв батлагдвал алдаглаа нөхөхийн тулд дотоодын бонд гаргахаас өөр аргагүй болно.

-Төсөв батлагдахад дөрөв хоногийн хугацаа үлдсэн байхад МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн?

-Сая сэтгэлийн хөөрлөөр нэг цагийн завсарлага авчихлаа. Уг нь Ц.Нямдорж гишүүнийг УИХ-ын дарга байхад дэгийн тухай хууль баталсан. Уг хуульд төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр цөөнх үг хэлж, асуулт асууна гэсэн заалт  байхгүй. Зөвхөн санал гаргасан гишүүн саналаа тайлбарлаж үг хэлдэг дэгтэй.

-Төсвөө баталж чадахгүй бол ямар эрсдэл гарах вэ?

-Төсвийг хуульд заасан хугацаанд батлах нь УИХ-ын үүрэг. Тиймээс гишүүд үүргээ биелүүлэх байх гэж бодож байна.

-Ирэх онд хөрөнгө оруулалтуудыг хэр хумьж байгаа вэ?

-127 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 100 орчим тэрбумыг хассан. Гэхдээ зардал тодорхой хэмжээгээр нэмэгдээд байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ