Ж.Содномдоржийн баг “Big bowling friendship 2017”-гийн хошой аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-10 15:15:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний багийн лигийн “Big bowling friendship 2017” тэмцээний хоёрдугаар тойргийн гуравдугаар шат өчигдөр Big bowling төвд болж шилдгүүд өрсөлдөн аваргаа тодруулав.

Энэ удаа 14 баг 6 тоглолт хийж, өндөр оноотой нь биш бүх багийг оноогоор нь жагсаагаад халз тоглуулах журмаар аваргыг тодруулсан. Ж.Содномдорж ахлагчтай Л.Цэцэгсүрэн, Д.Амьбөх нарын баг аваргын цомыг 2 дахь удаагаа өргөсөн бол хоёрдугаар байрт Б.Пүрэвдорж ахлагчтай Ш.Гэрлээ, Ю.Ганболд нарын баг, гуравдугаарт С.Батзориг ахлагчтай С.Хандаа, Г.Хүрэлбаяр нарын баг шалгарлаа.

Ж.Содномдоржийн баг тус тэмцээний нэгдүгээр тойргийн аваргаар шалгарсан юм. Хамгийн өндөр оноотой буюу шилдэг тамирчнаар эрчүүдээс Big bowling клубын тамирчин Ц.Лхасүрэн 229 оноогоор, эмэгтэйчүүдээс “Мобиком”-ын тамирчин Б.Оргилмаа 206 оноогоор тус тус тодорлоо.
Д.Өлзий
Холбоотой мэдээ