Д.Баясгалан ОУОСХ-ны ерөнхий санхүүчээр улиран сонгогдлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2015-11-11 15:57:58

Монголын оюутны спортын холбооны (МОСХ) ерөнхийлөгч Данзандоржийн Баясгалан нь Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ны ерөнхий санхүүчээр 3 дахь удаагаа улиран сонгогдлоо.

Тэрбээр 2003 онд Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007, 2011 оны ерөнхий санхүүчээр сонгогдож байв. Швейцарь улсын Лозанна хотын Их сургуулийн цогцолбор дахь /Amphimax/ хурлын их танхимд Олон улсын оюутны спортын холбооны (FISU) ээлжит Ерөнхий ассамблейн 34 дүгээр их хурал 2015 оны 11 дүгээр сарын 7-9-нд болов.

Энэхүү хурлаар ОУОСХ-ны 2013-2015 онд хийсэн ажлын тайланг ерөнхийлөгч, ерөнхий санхүүч, ерөнхий нарын бичгийн дарга нар тавьж хэлэлцүүлэн, зохион байгуулсан арга хэмжээ, Универсиадын ЗБХ-ны тайлангууд болон 2017, 2019 онд болох өвөл зуны универсиад наадмын бэлтгэл ажлын тайлантай танилцжээ. ОУОСХ-ны хийх ажлын хөтөлбөрийг хэлэлцэн, төсөв, төлөвлөгөөг батлав. Их хуралд ОУОСХ-ны 167 гишүүн орны холбоодоос 125 орны төлөөлөгчид ирж хуралд оролцов.

Хурлын үеэр Афганистан, Гамби, Аруба улсыг эгнээндээ элсүүлж ОУОСХ 170 гишүүнтэй болж, гишүүнчлэлийн жилийн татварыг 250 еврогоор шинээр тогтоосон. Холбооны хүндэт гишүүнээр ГХ-нд 24 жил ажилласан, аудитор Румын улсын иргэн А.Гажеаг сонгов. Мөн хүйсийн тэгш эрхийн хорооны шагналыг Испани улсад олголоо. Тус хуралд Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах урилгаар оролцож үг хэлж, төлөөлөгчидтэй ярьж санал бодлоо хуваалцлаа. ОУОСХ нь цаашдаа ОУОХ-той нягт хамтран ажиллахаар боллоо. Т.Бах нь 1973,1979 оны Универсиад наадмуудад тамирчнаар оролцож байснаа дурссан юм.

Хурлын үеэр тус холбоог 2015-2019 онд удирдах ГХ-г байгуулах сонгууль болж ОУОСХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын ОСХ-ны ерөнхийлөгч 51 настай Олег Васильевич Матыцин 102 орны санал буюу 81,6 хувийг авч сонгожээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ