Энэ онд шинээр долоон худаг гаргаж, малчдад хүлээлгэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-17 12:18:22

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн удирдлагууд малчдынхаа усны хэрэгцээг хангах зорилгоор энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар долоон худаг гаргаж, малчдад хүлээлгэн өгчээ.  

Уг ажлын гүйцэтгэгчээр “Монтегео” ХХК ажилласан бөгөөд инженерийн хийцтэй худаг уст цэгийг барьж байгуулах ажилд MNS6088:2010 стандартыг мөрджээ. Түүнчлэн орчин үеийн чанартай, баталгаатай тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.

Эдгээр худгууд Цэнхэрмандал сумын Хужхан багийн Хужихны адаг, Өмнөдэлгэр сумын Төвийн багийн Цэсрэнгийн өвдөг, Хэрлэн сумын Цогтндөр багийн Дэрст хонхор, Баянхутаг сумын Жаргалант багийн Оорцогийн зүүн ухаа, Дэлгэрхаан сумын Аварга багийн Уугын сайр, Баянмөнх сумын Дулаан багийн Баяндай уулын энгэр, Дархан сумын 2-р багийн Будантын марцад зэрэг газруудад тус тус байрлаж байна.

Малчдад нэн тулгамддаг асуудал бол бэлчээрийн газар, худаг усны асуудал байдаг. Мал сүргийн тоо нэмэгдэх тусам эдгээр асуудлууд сөхөгдөж, малчдын дунд хэл ам гарах тохиолдол цөөнгүй бий. Иймээс тус аймгийн удирдлагууд асуудлыг зохих түвшинд шийдвэрлэж, шинээр худаг уст цэгийг нэмж барихаар төлөвлөн ажиллаж байна гэлээ. 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ