Б.Энхбаяр: Улаанбуудайн нутагшсан сортууд гантай нөхцөлд сайн ургасан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-17 18:54:55
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ намрын ургац хураалт дуусч байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяртай уулзаж ярилцлаа.
- Намрын ургац хураалт дуусч байна. Энэ жилийн ургац ямар байв?
- Манай аймаг энэ жил 42,0 мянган га талбайд үр тариа тариалсан. Үүнээс 2000-гаад га талбайн ургац муугаас малын тэжээлд шилжсэн. Энэ жилийн хувьд урд бүсийн сумдуудад 9600 га талбайн ургац алдсан байгаа. Нийтдээ 31,2 мянган га талбайгаас ургац хурааж, нэгжээс 8,0 центнер буюу 24,0 мянган  тонн ургац аваад байна.
Төмс хүнсний ногооны хувьд нэгж талбайгаас 70-80 центнер ургац авсан байгаа. Ургац бүрэн алдсан газар байхгүй. Төмс 3312, хүнсний ногоо 967 тонныг хураасан.
Энэ жилийн хувьд гантай,  зуны адаг сарын дунд хүртэл буюу 8-р сар нэлээд гаргаж байж бороо орсноос болж тариа нялхарч зарим газар ногоорч 2000-3000 га талбайн ургац ногоон тэжээлд шилжлээ. Тариаланчид энэ жилийн уриншаа сайн хийгээд байна.
Хойд бүсийн сумд ургацаа алдаагүй 7-8 центнер ургац авч байгаа. Хамгийн өндөр ургацыг Хангал сум авлаа. Нэг га талбайгаас 15,0 центнер хурааж авсан.
- Шинэ сортын үр тариа тариалж туршсан. Түүний үр дүн хэрхэн гарсан бол?
-Сибирийн нөхцөлийн кандгарский, саратов, новосибирский гэсэн сортуудыг манай аймгийн Тэшиг, Сэлэнгэ суманд дасан зохицох нөхцөлийг туршихаар тариалсан ч гантай байсан, бас өөрөө шинэ сорт, манай нутагт нутагшаагүй байгаа болохоор ургац муу өгсөн. Гэхдээ уургийн агууламж болон физиологийн байдлыг судлахаар дээжийг ОХУ-ын Красноярьск хотын их сургууль руу явуулаад байна.  
Үр тарианы ургалтын шат бүрт 2-3 удаа хэмжилт хийж үзсэн. Манай улсад нутагшсан сортуудаас туршилт хийхээр Хутаг-Өндөр сумын “Улаан буудайн эх газар” ХХК нэг га газар 6 төрлийн сортуудаас тариалалт хийсэн нь 10-12 центнер ургасан.
- Энэ жилийн улаанбуудайн чанар сайн байна гэж тариаланчид ярьж байсан. Мэргэжлийн хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
- Гантай хуурайшилт ихтэй, халуун зун болсон гэхэд буудайн чанар сайн байгаа. Чийг 14,0, цавуулаг 20-31 хувь байгаа. Энэ намрын улаанбуудайг ажиглахад дүндээ гонзгордуу, үр жаахан эрт болц өгсөн шинжтэй байгаа боловч ургацын чанар бол маш сайн байгаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ