Сонгогчдоо бус албан тушаалаа бодсон төлөөлөгчид бүрэн эрхээсээ татгалзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 21:05:47

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 11 дүгээр хурлаар Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн ажиллаж байгаа ИТХ-ын төлөөлөгч нарыг хурлаас татуулах санал тавилаа.

Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, ЗЗНДНТУТХуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь ИТХ-ын Төлөөлөгч байх ёсгүй агаад аймаг дахь намын бүлгүүд 2015 оны 3 сарын 1-ний дотор хууль зөрчиж буй төлөөлөгчдийг эргүүлэн татах тухай зөвшилцсөн байна.

Одоогоор аймгийн ИТХ-д Боловсролын газрын дарга Ч.Самбуу-Ёндон, ХГБХХ-ийн дарга Ж.Пүрэвсүрэн, ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир, аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Ж.Самданжигмэд, МХГ-ын улсын байцаагч Ж.Эрдэнэбаатар нарын таван хүн хуралд сууж байгаа юм. Намы бүлгүүд зөвшилцсөний үндсэн дээр МАН-аас сонгогдсон эхний гурван төлөөлөгч чөлөөлөгдөх хүсэлтээ 3 сарын 1-ний дотор ИТХ-д ирүүлсэн бол АН-ын төлөөлөгчид хүсэлтээ өгөөгүй байв. ЗЗНДНТУТХуулийн 13 дугаар зүйлд зааснаар ИХ-ын Төлөөлөгчийг төлөөлөгчийн бүрэн эрхээс чөлөөлөх таван үндэслэл байх бөгөөд өөрсдөө хүндэтгэн үзэх шалтгаанаар өргөдлөө өгсөн тохиолдолд ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлэх ёстой байдаг. АН-ын төлөөлөгчид төлөөлөгчөөс татгалзах өргөдлөө өгсний дараа дээрх таван төлөөлөгчийг хурлаас чөлөөлнө гэдгээ ИТХ-ын дарга Г.Ганболд мэдэгдэж улмаар АН-ын дарга И.Мөнхжаргал ээлжит маргаанаа дэгдээгээд амжлаа. Тэрээр өөрийн намаас сонгогдсон Ж.Самданжигмэдийг намдаа болон ИТХ-д өргөдөл өгсөн хэмээн маргасан бол ИТХ-ын Ажлын албанаас өргөдлийг аваагүй хэмээж эцэстээ Ж.Самданжигмэд төлөөлөгч өргөдөл өгсөн эсэхээ өөрөө мэдэхээ байх хүртэл маргаан ширүүсэв.

ИТХ-ын дарга Г.Ганболд Ж.Самданжигмэд төлөөлөгчийг өргөдлөө өгөөгүй гэдгийг албан ёсоор хэлж, өөрийн биеэр уулзахад “Төлөөлөгчөөс чөлөөлөгдөх сонирхолгүй” байгаагаа хэлсэн гэдгийг баталлаа. Төлөөлөгчдийг өргөдлөө бүгд өгсний дараа 12 сарын 2-ны өдөр болох хурлаар уг асуудлыг авч хэлэлцэх саналыг тэрбээр тавьсан ч Б.Мөнхжаргал төлөөлөгч өргөдөл өгсөн болохыг Ж.Самданжигмэд төлөөлөгчийн өмнөөс батлах гэж “улайрсан” бөгөөд төлөөлөгч Ж.Даваасүрэн “Одоохон газар дээр нь өргөдлөө бичээд өг” гэж “тушаалаа”.  Төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Ж.Самданжигмэд нар хурлаар бусад асуудлыг хэлэлцэх хооронд төлөөлөгчөөс чөлөөлөгдөх өргөдлөө бичиж амжуулснаар дээрх таван төлөөлөгчид аймгийн ИТХ-ын Төлөөлөгч байх бүрэн эрхээсээ татгалзсан юм.

Энэ байдлаас харахад орон нутаг дахь хурлын төлөөлөгч нь зөвхөн намдаа суудал авчрах зорилгын дор нэр дэвшдэгээс биш ард иргэд, сонгогч олны эрх ашиг, хүсэл сонирхлыг үл харгалздаг болох нь илэрхий байна. ИТХ-ын сонгууль болох үеэр хамаг арга чаргаа хэрэглэн, сонгогч иргэний “улыг долоох” шахам гүйж, элдэв амлалт өгч байсан төлөөлөгчид өнөөдөр өөрийг нь сонгон гаргасан тойргийн ард иргэд нь бус таван цаас тогтмол өгдөг ажил нь чухал болсны улмаас төлөөлөгчөөс чөлөөлөгдөх өргөдлөө нэг цагийн дотор бичээд өгч байгаа нь үнэнхүү жудаггүй асуудал хэмээн иргэд ярьж байна.

 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ