Согтууруулах ундаатай холбоотой шинэ журмыг ирэх оны эхнээс мөрдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 11:15:13

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын үйл ажиллагаанаас хийсэн багц мэдээ

Зарим сумдад халуун усны үйлчилгээ байхгүй байна 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2015 оны эхний хагас жилийн байдлаар 240 иргэн, аж ахуйн нэгж ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнд 380 иргэн ажлын байраар хангагдсан тоон баримт байдаг юм. Сэлэнгэ аймгийн бүх сумдыг ахуйн үйлчилгээгээр иж бүрэн хангах хөрөнгө мөнгөний бололцоо хангалтгүйгээс сумдад ахуйн үйлчилгээний хүртээмж харилцан адилгүй байдаг ажээ.

Иймээс үүнийг аль болох төсөл хөтөлбөрийн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлэхээр аймгаас бодлогоор арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч ч хүссэн үр дүнд хүрэхгүй байгаа аж. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ахуй үйлчилгээний цэг салбаруудын үйлчилгээг  авч үзвэл: тухайлбал Үс засах үйлчилгээ нь Мандал, Сайхан, Сүхбаатар зэрэг томоохон сумдад 730-790 хүнд нэг үсчин ногдож байхад 2100-3000 хүн амтай Сант, Баруунбүрэн, Орхон зэрэг сумдад энэ үйлчилгээ байхгүй байна. Гоо заслын үйлчилгээ нь Сүхбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Сайхан, Мандал, Баянгол зэрэг томоохон суманд үйл ажиллагаа явуулж байгаа боловч бусад сумдад эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм. Мөн Хувцас захиалгын үйлчилгээ ихэнх сумдад үйл ажиллагаа явуулж байна. Гутал засварын үйлчилгээний хувьд Алтанбулаг, Ерөө, Мандал, Сант, Цагааннуур, Баянгол, Сайхан, Сүхбаатар зэрэг 8 сумдад үйл ажиллагаа явуулж байгаа юм. Халуун усны үйлчилгээ Сант, Түшиг сумдад байхгүй байна. Мөн цаашид сумдад гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээ, гар утасны засвар үйлчилгээ, хими цэвэрлэгээ, компьютер засвар, дугуй засвар, машин угаалга зэрэг үйлчилгээний цэгүүдийг шинээр байгуулах шаардлагатай байгаа аж. Иймээс дээрх байдлаас үзэхэд ахуйн үйлчилгээний хүртээмж Сэлэнгэ аймгийн хэмжээнд харилцан адилгүй байгаа нь харагдаж байгаа юм.

Үйл ажиллагаа явуулах тохилог ажлын байр байхгүй байна

Сэлэнгэ аймгийн сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа ахуйн үйлчилгээний цэгүүд үйл ажиллагаа явуулах тохилог ажлын байр байхгүй байна.

Мөн эдгээр цэгүүдэд ажиллаж буй иргэд нь дадлага туршлага хангалтгүй байгаа аж. Аймгийн хэмжээнд ахуйн үйлчилгээний барилга байгууламжийн хувьд аймгийн төв Сүхбаатар сумын Орхон баг, Хушаат суманд орон нутгийн өмчийн барилгатай юм. Тус хоёр суманд ахуй үйлчилгээний төв байгуулахаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг авч, түрээсийн гэрээгээр өгөхөөр бэлтгэл ажлыг хангаж байгаа гэнэ. Мөн Жавхлант сум орон нутгийн хөгжлийн сангаараа хуучин барилга худалдан авч ахуйн үйлчилгээний төвийн зориулалтаар засварлан ашиглалтанд оруулжээ. Түүнчлэн Ерөө, Түшиг сумдад ахуйн үйлчилгээний төвийн шинэ барилга барьж байгаа бөгөөд гүйцэтгэл 60-80 хувьтай явж байгаа ажээ. Сүхбаатар сумын 5-р багт ахуйн үйлчилгээний барилга баригдан 2013 онд ашиглалтанд ороод үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ажээ.

Сэлэнгэ аймагт ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна

 Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 279 дүгээр тогтоолоор батлагдсан “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 10-р сарын 02-ны өдрийн 90 тоот тогтоолоор “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийг баталжээ.  

Сэлэнгэ аймгийн хэмжээнд ахуйн үйлчилгээний салбарын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэн энэ салбарт ажиллагсадын мэдлэг, ур чадварыг сайжруулах, санхүү эдийн засаг, эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэх болон цаашид баримтлах бодлого, зорилтыг тодорхойлох, удирдлага арга зүйгээр хангах, зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсан тул уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталжээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдийн таатай амьдрах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн үйлчилгээний цогцолбор төвийн тоог нэмэгдүүлэн үйлчилгээг ойртуулах, ажилгүйдлийг бууруулах, албан бус хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөнийг багасгахад чиглэгдэж байгаа юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр ахуйн үйлчилгээний төв, үйлчилгээ эрхлэгчдийн тоо жил бүр 20-30 хувиар нэмэгдсэн байх, уг салбар дахь шинэ ажлын байрны тоо жил бүр 30-аас доошгүй хувь нэмэгдэх, түүнчлэн салбарын албан бус хөдөлмөр эрхлэлтээс зохистой хөдөлмөр эрхлэлтэнд шилжсэн иргэдийн тоо ч мөн нэмэгдсэн байх, орон нутаг дахь ахуйн үйлчилгээний нэр төрөл жил бүр нэмэгдсэн байх зэрэг үр дүнд хүрэх юм байна. Хөтөлбөрийг 2015-2018 онд хэрэгжүүлж дуусгах юм байна.

Сэлэнгэ аймагт 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс шинэ журам мөрдөгдөнө

 Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Тэмдэгтийн хураамжийн хэмжээ батлах тухай” 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 10-р сарын 28-ны өдрийн 97 тоот тогтоолоор “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих” журмыг хавсралтаар баталж, 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс аймгийн нутаг дэвсгэрт мөрдөж эхлэх журмыг баталсан байна.

Ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн аж ахуйн нэгжид согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын захирамжаар олгох юм байна. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гармагц “Тэмдэгтийн хураамжийн хэмжээг батлах тухай” аймгийн ИТХ-ын 2011 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн олгох ажээ. Тухайлбал спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 400000 төгрөг, бусад сумдад 250000 төгрөг, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход: аймгийн төвийн суманд 150000 төгрөг, бусад сумдад 80000 төгрөг спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 800000 төгрөг, бусад сумдад 500000 төгрөг, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 300000 төгрөг, бусад сумдад 200000 төгрөг байхаар тогтоон өгсөн байна. Түүнчлэн сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 100000 төгрөг байх аж. Эдгээр төлбөрийг тэмдэгтийн хураамжийн дансанд тушааж, баримтыг ажлын хэсгийн нарийн бичгийн даргад өгч тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авах аж. Уг тусгай зөвшөөрлийг хоёр жилийн хугацаагаар олгох бөгөөд нэг аж ахуйн нэгжид 2-оос илүү зөвшөөрөл олгохгүй байх юм байна. Харин тусгай зөвшөөрлийг сунгах тохиолдолд тухайн аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт, материалаа тусгай зөвшөөрөл дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө ажлын хэсгийн нарийн бичгийн даргад ирүүлэх аж. Ингэхдээ сумын Засаг даргын албан тоотоор, аймгийн МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар, улсын стандартын шаардлагыг бүрэн хангасныг баталгаажуулсан тохирлын гэрчилгээ, хуулбарын хамт, татвар бүрэн төлсөн тухай тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлэх ёстой гэнэ. Мөн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл үүссэн нь тогтоогдсон бол ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 380 гаруй аж ахуйн нэгж, байгууллага энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ