Пак Гын Хэ-д таван өмгөөлөгч томилов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-25 15:33:04
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г цагдан хорих хугацааг зургаан сараар сунгасантай холбоотойгоор өмгөөлөгчид нь түүнийг өмгөөлөхөөс татгалзсан байна. Үүнтэй холбоотойгоор Сөүл хотын Төв дүүргийн шүүх түүнд таван өмгөөлөгч томилж өгчээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, өнөөдөр томилогдсон таван өмгөөлөгч нь Пак Гын Хэ-г огцруулахад хүргэсэн авлигын хэрэгтэй холбоотой 120 мянга гаруй хуудас баримт бичгийг судалж, түүнийг өмгөөлөх үүрэг хүлээлээ. Таван өмгөөлөгчийн нэрийг нийтэд зарласангүй.

Шинээр томилогдсон өмгөөлөгчид хэрэгт холбоглох материалуудтай танилцахад багагүй цаг хугацаа хэрэгтэй учир Пакийн шүүх хурал ойрын үед болохгүй нь үндсэндээ тодорхой болж байна.

Пак Гын Хэ-г цагдан хорих хугацааг зургаан сараар буюу ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл сунгах шийдвэрийг энэ сарын эхээр шүүх гаргасны дараа долоон өмгөөлөгч нь түүнийг өмгөөлөхөөс татгалзах хүсэлт гаргажээ.

Энэ сарын эхээр болсон шүүх хурлын үеэр Пак “Намайг шүүж байгаа нь улс төрийн өшөө авалт юм. Шүүх энэ хэргийг улс төр ба олон нийтийн дарамт шахалтад авталгүйгээр зөвхөн Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт би эргэлзэж байна” гэж хэлсэн юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ