В.Путины "шадар туслах" Умард Солонгост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-26 13:28:08
МОСКВА. /Ёнхап/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины "шадар туслах" Валентина Матвиенко ирэх онд Умард Солонгост айлчилна.

Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “ОХУ Умард Солонгостой найрсаг харилцаатай. Умард ба Өмнөд Солонгосын аль аль нь намайг урьсан. Энэ хоёр улсад би ирэх онд айлчилна” гэжээ. Гэхдээ тэрбээр яг хэзээ айлчлахаа тодорхой хэлээгүй байна.

В.Матвиенко бол Оросын улс төрд нэр нөлөөгөөрөө “гуравдугаарт” ордог хүн бөгөөд түүнийг Ерөнхийлөгч В.Путины “шадар туслах” гэдэг юм.

Саяхан түүний урилгаар Умард Солонгосын Ардын дээд хурлын дэд дарга Москва хотноо болсон олон улсын бага хуралд оролцсон аж. Мөн энэ сарын дундуур Умард Солонгосын ГХЯ-ны АНУ-ыг хариуцсан нөлөө бүхий албан тушаалтан Орост айлчилсан байна.

Энэ бүхнээс үзвэл, Пхеньяны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхэд туслах гэж Оросын парламент хүчин чармайлт гаргаж байгаа нь харагдаж байна гэж ажиглагчид хэллээ. Мөн ажиглагчдын хэлснээр, В.Матвиенко Умард Солонгост айлчлахаар төлөвлөж буйгаа зарласан нь Пхеньянтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Орос идэвхтэй оролцоно гэдгээ харуулж буй хэрэг бололтой.
Г.Доржханд

Холбоотой мэдээ