Өрсөж цөмийн цохилт өгөх шаардлага үүсч болзошгүй гэдгийг үгүйсгэхгүй байна

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-10-31 09:21:13
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп урьдчилан сэрэмжлэх үүднээс өрсөж цөмийн цохилт өгөх тушаалыг Конгрессын зөвшөөрөлгүйгээр өгч болох нөхцөл байдлыг би төсөөлж байна гэж АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис даваа гарагт тус улсын Конгрессын Сенатын гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны АНУ-ын зүгээс хилийн чанадад цэргийн хүч хэрэглэх асуудлаархи сонсгол дээр үг хэлэхдээ мэдэгджээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Ийм шийдвэрийг туйлын анхааралтай авч хэлэлцэх бөгөөд АНУ-д цөмийн цохилт өгөх нь зайлшгүй гэдэг нь тодорхой болж, өрсөж цохилт өгөх нь улс орноо хамгаалах цорын ганц арга зам байх тохиолдолд хэрэгжүүлнэ. Үйл явдал яг ингэж өрнөнө гэж хэлээгүй. Үүнийг зогсоох уламжлалт янз бүрийн хэрэгсэл бидэнд байгаа” гэж Америкийн батлан хамгаалах яамны тэргүүн тэмдэглэсэн байна.
 
Энэ асуудлыг Жеймс Мэттисийг оролцуулан хаалттай горимоор хэлэлцэх саналыг нэгэн сенатч дэвшүүлсэн байна. “Хаалттай хуралдаан дээр ч АНУ-д цөмийн цохилт өгөх нь зайлшгүй болсон тохиолдолд өрсөж цөмийн цохилт өгч болзошгүй гэдгийг би хэлнэ” гэж Америкийн сайд хариулсан байна. Сенатч болон сайд тодорхой улсын нэрийг дурдаагүй ч энд БНАСАУ-ын тухай яригдаж байгаа нь ойлгомжтой байжээ. Учир нь сонсгол дээр БНАСАУ-ын талаар авах арга хэмжээний тухай хэлэлцсэн аж.
Л.Батбаяр
Холбоотой мэдээ