Хамгийн том огторгуйн дуранг бүтээж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-11-13 15:02:16

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Дэлхийн хамгийн том огторгуйн дуранг Чили улсын Атакама цөлд бүтээж эхэлсэн бөгөөд шавь тавих ёслолд нь тус улсын Ерөнхийлөгч Мишель Бачелет оролцжээ.

“Манай орны одон орон судлалын хөгжлийг тодорхойлох энэ төсөл нь хүнд хэцүү бэрхшээлээ даван туулсан бөгөөд бидэнд одон орныг ажиглах шинэ боломжийг өгөх учраас энэ бүхнийг хийлээ” гэж Чилийн төрийн тэргүүн хэлснийг тус улсын хэвлэлүүд цохон тэмдэглэсэн байна.

Сансрын уг дурангийн гол толины диаметр нь 25.4 метр байх аж. Уг багаж нь сансрын "Хаббл" дурангийн тусламжтайгаар авдагтай харьцуулахад 10 дахин нарийвчлалтай зураг авах боломжтой ажээ.

Ийм дуран бүтээснээр Нарны аймгийн гадна оршдог хар нүхнүүд болон тэнгэрийн биетүүдийн талаар илүү их мэдээлэл цуглуулахад, мөн Дэлхийтэй төстэй гарагийг олж илрүүлэхэд тусална гэж эрдэмтэд найдаж байна. Үүнээс гадна, судлаачид эртний галактикуудын зургийг авахад тусална хэмээн найдаж байгаа аж.

2500 метрийн өндөрт байх сансрын уг багажийг 2021 онд ашиглаж эхлэх төлөвтэй байна. Уг дуранг 500 гаруй сая долларын өртгөөр бүтээх бөгөөд төсөлд АНУ, Австрали, Бразил, Өмнөд Солонгос болон Чили улс оролцож байгаа аж.

Манай гарагийн хамгийн хуурай газруудын нэг болох Атакама цөлд одон орны хэд хэдэн төв байрладаг билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ