Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-05 21:35:41
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь “Засагт ханы гал голомт” ТББ, Ч.Лодойдамба сан, Ховд Их Сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Хэл зохиолын тэнхимтэй хамтран Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Ховд их сургууль дээр зохион байгууллаа.
 
Хурлаар “Чадраабалын Лодойдамба судлал, түүний туршлага”, Ч.Лодойдамбын "“Хугараагүй ноён нуруу” өгүүллэг дэх нүдний дүрслэл" гэсэн үндсэн илтгэлүүдийг сонслоо. Оюутнууд Ч.Лодойдамын зохиолуудаас үгийн сан, дүрүүд, өгүүлэмжийн онцлог, намтарт холбогдох мэдээлэл, туурвил зүй, уран сайхан, зарим судалгааны бүтээлийн талаар сонирхолтой илтгэлүүд сонсгож хэлэлцүүллээ. Судалгаа хийж оролцсон нийт оюутнуудад дурсамж гардуулж, их зохиолчийн шинээр хэвлэгдсэн номоос нь дурсгалаа. Энэ ажил оюутнуудын судалгааны ажилд  идэвхтэй оролцох урмыг сэргээсэн, ихийг уншиж судлахыг уриалсан сайхан арга хэмжээ боллоо гэж зохион байгуулагчид үнэллээ.
 
Ховд их сургуулийн номын сангаас уг ажилд ихээхэн ач холбогдол өгч зохиолч Лодойдамбатай холбоотой 160 гаруй эх сурвалжийг тооцоолон гаргаж баялаг гарын авлага, материалыг бүрдүүлж өгсний дээр үзэсгэлэн гаргаж нийт багш, оюутнуудад сурталчилсан байна.
 
                                                                                                                Ш.Цоодол
Холбоотой мэдээ