Өнөөдөр зарим сумын нутгаар зөөлөн цасан шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-11-06 16:59:36
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн баруун болон хойд талын зарим сумын нутгаар нойтон цастай, зүүн талын зарим сумын нутгаар цас орон шуурч байгааг УЦУОШГ-аас мэдээллээ. 16 цагийн байдлаар Эрдэнэдалай, Цагаандэлгэр сумын нутгаар цас зөөлөн шуурч байгаа бол Сайхан-Овоо, Гурвансайхан сумын нутгаар нойтон цастай, салхи секундэд 8-13 метр байна.
Үдээс өмнө Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг сумын нутгаар цас орон шуурч, Цагаандэлгэр, Гурвансайхан сумын нутгаар нойтон цас орсон бөгөөд өнөөдрийн хур тунадасны мэдээг орой 20 цагт гаргах юм байна.
Одоогоор Мандалговь хот орчмоор агаарын температур нэг градус орчим хүйтэн, үүлэрхэг, өнөө шөнөдөө нойтон цастай байхыг мэдээлж байна. Хур тунадас өнөө шөнөдөө зогсоно.  Цаашид хүйтний эрч буурахгүй, энэ сарын 9-нд эргээд нийт нутгаар нойтон цастай, салхи секундэд 12-14 м, зарим үед 18 м хүрч, цасан болон шороон шуурга шуурахыг УЦУОШГ-аас анхаарууллаа.
 
T. Отгонтуяа
Холбоотой мэдээ