Баян-Өндөр сумын цэцэрлэгийн хүүхдүүд бөөстжээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 20:27:26

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас нэгэн иргэн 70321111 утсанд холбогдож, тус сумын цэцэрлэгт явдаг хүүхдээ бөөстсөн тухай мэдээлэл өгсөн юм.

Тэрээр хэлэхдээ “Манай хүүхэд сумын цэцэрлэгийн бага бүлэгт явдаг. Шөнө унтахдаа толгой, биеэ маажаад уйлаад хэд хоног болсон. Толгойг нь үзсэн чинь бөөстсөн байна. Сураг ажиг тавьсан чинь ангийнх нь арваад хүүхэд бөөстсөн гэж эцэг эх нь хэлж байна. Хүүхдүүдийг нэг унтсан газарт нь унтуулдаггүй, унтуулахдаа толгой толгойг нь нийлүүлдэг, гар нүүрийн алчуур, сам зэргийг хольж хэрэглүүлж, ариун цэвэр сахидаггүй, мөн бүлгийн багш нарын ажлын хариуцлагагүйгээс болж ангид нь нэг бөөстэй хүүхэд байсан нь бусдадаа халдаасан юм шиг байна. Энэ нийгэмд бөөс гэдэг амьтан байхаа больсон гэж боддог байсан. Энэ талаар аймгийн Боловсрол, соёлын газарт уламжилж арга хэмжээ авч өгнө үү” хэмээжээ.

Энэ талаар тус цэцэрлэгийн багш н.Наранцэцэгээс тодруулахад “Би долоо хоногийн турш дотоод хяналт тавилаа. Багш нартаа хэлж өглөө бүр хүүхдүүдээ үзлэгт оруулдаг. Бөөстсөн гэх зүйл ажиглагдсангүй” гэж байв. Мөн хүүхдүүд том болсон учраас өөрсдийн сам, алчуураа хүнд өгдөггүй, дамжуулж хэрэглэсэн асуудал байхгүй гэв.

Барааны саванг өөхөн тосоор хийхээ больсноос хойш бөөс гэх амьтны бараа, сураг тасарч, шарласан гэх хүмүүс өндөр үнээр худалдаж авах зар хүртэл гаргаж байсан. Гэтэл энэ амьтан дахин “амилж” байгаа талаар хэвлэл мэдээллийнхэн бичих боллоо. Одоогоор улсын хэмжээнд Хөвсгөл аймгийн Баянзүрх сум, Дорноговь аймгийн Сайншанд суманд, нийслэлийн 135 дугаар цэцэрлэгт бөөс илэрч байсан тухай мэдээлэл цацагдсан ба бөөс нь хөлсөөр ялгардаг учраас цэцэрлэгийн хүүхдүүд байнга хөөцөлдөж, тоглож хөлөрч бөөсний тархах орчин болж байгаа болохыг мэргэжлийн хүн хэлж байв. Бөөс нь гурван мм хэмжээтэй хэрнээ 30 см үсэрч явдаг амьтан учраас амархан тархах аюултай аж.

Түүнчлэн цэцэрлэгийн багш нар охидын үсийг самнахдаа нэг сам дамжуулдаг, хүүхдүүд өөрсдийн алчуураа ялгахгүй аль тааралдсандаа гар нүүрээ арчдаг, толгойгоо нийлүүлж унтдаг гэх зэрэг асуудал бодитоор байдгийг эцэг, эхчүүд бухимдан ярьж байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ