117 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт тараав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-14 12:33:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт тараалаа.

Тус цэцэрлэг нь утааны голомтод буюу Баянхошууны хуучин эцсийн гэр хороолол дунд байрладаг бөгөөд нийт 800 гаруй хүүхэд хүмүүждэг юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, "Бидний ирээдүй болсон хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах ёстой. Өглөө, оройдоо амны хаалт заавал зүүж, бохирдлоос биеэ хамгаалах эрхтэй. ДЭМБ-ын 2012 оны мэдээгээр  агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн  цагаасаа өмнө нас барж байгаа ба дотоод, гадаад орчны агаарын бохирдлын хавсарсан нөлөөгөөр зүрх судасны өвчлөл, цус харвалт, зүрхний шигдээс, хавдар, амьсгалын замын архаг өвчлөл уушгины архаг бөглөрөлт өвчин, багтраа, гуурсан хоолойн үрэвсэл зэрэг халдварт бус архаг өвчлөл нь нэмэгдэж байна. Иймээс Улаанбаатар хотын агаарын бохирдол ихсэх үед бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх  арга хэмжээг авах нь чухал" гэв.
 
Амны хаалт нь европын стандарт хангасан, гадаргуу нь амьсгалж буй агаарыг 90 хувь хүртэл шүүж, цэвэршүүлж, хүний амьсгалаас ялгарч буй дулаан болон чийгийг гадагшлуулж, амьсгалын хэвийн нөхцлийг бүрдүүлэн өгдөг бөгөөд 14 хоногийн турш хэрэглэх боломжтой. Мөн хүүхдэд тохирсон хэмжээ, резинен тохируулагчтай юм.  

Манай орны хувьд хүн амын амьсгалын замын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын цочмог халдвар, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл багтраа давамгайлж, өндөр настан, бага насны хүүхдүүдэд зонхилон бүртгэгдэж байгаа аж.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ