Жолооч нар богино эргэлтээр нүүрс тээвэрлэх боломж бүрдүүлэхийг хүсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2017-11-14 15:27:17
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Гашуунсухайтын хилийн боомтын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, нүүрс тээвэрлэгчидтэй уулзсан байна.

Гашуунсухайт боомтоор өдөртөө 1200-1500 орчим машин урд хөрш рүү нүүрс экспортлодог байсан бол өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр БНХАУ нүүрсний татан авалтаа эрс бууруулсан нь нүүрс тээвэрлэлтэд сөргөөр нөлөөлсөн. Машины цуваа өнгөрсөн амралтын өдрүүдэд  90 гаруй км  үргэлжилж буй аж.

Гашуунсухайт боомтын Гаалийн газрын дарга Б.Даваасүрэн, "БНХАУ-аас нүүрсний татан авалтыг өдөрт 500-600 машин болгож бууруулсан нь Монголоос мах, буу зэвсэг гэх мэт хууль бус зүйлийг хил нэвтрүүлж буй  тул хяналтаа чангаруулсан хэмээн  тайлбарласан. Гэвч өнөөг хүртэл  үүнийг баримтаар нотлоогүй байна. Түүнчлэн урд хөршид Коммунист намын их хурлаас эхлээд томоохон арга хэмжээнүүд болсон нь тээвэрлэлтэд нөлөөлж буй гэх тайлбар ирүүлсэн" гэв.

Дөрвөн сар өнгөрөөд байхад нөхцөл байдал сайжрахгүй байгаа тул нүүрс тээвэрлэгч жолооч нар өвлийн хүйтэнд доод тал нь хагас сар зам дээр амьдрахад хүрч байна. Тиймээс уулзалтын үеэр уул уурхайн зарим компаниудын удирдлагууд болон жолооч нараас уг хүндрэлийг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэхийг  хүссэн юм.

Авто тээврийн үндэсний төвөөс 100 орчим аж ахуйн нэгжийн 7000 машин нүүрс тээвэрлэлт хийх зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж буй аж. Гэтэл эдгээр машинуудыг эзэмшдэг зарим аж ахуйн нэгжүүд тогтсон жолооч байхгүй тул хөлсөөр хүн  ажиллуулах, тэдний нийгмийн даатгалыг огт төлдөггүй байна. Энэ нь эргээд тухайн жолоочийн нийгмийн асуудлыг огт шийдэхгүйгээс гадна машин нь эвдэрхэд засах засварын төв байхгүй зэрэг хүндрэл үүсч буйг учирлажээ.
 
Нүүрс тээвэрлэх машинуудын тоо нэмэгдсэн нь хилийн боомт дээр дараалал үүсэхэд нөлөөлж буйг Энержи ресурс компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ярив.  Мөн тэрээр “Өнөөдөр авто замаар 65 тн даацтай машин явахаар тогтоосон. Тэгвэл үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд шийдэхийн тулд “Цагаан хад” боомт хүртэл уурхайгаас нүүрсээ тээвэрлэж, тэндээ нөөц бүрдүүлнэ. Ингээд “Цагаан хад”-наас “Ганц мод” боомт хүртэл хилийн бүсийн 20 гаруй км-т шороон замаар нүүрс тээвэрлэж, машины даацын хэмжээг 100-110 орчим тн-д хүргэвэл хилийн ачааллыг бууруулах боломжтой. Гэхдээ энэхүү арга хэмжээг манай улс урд хөрштэй дээд түвшинд хэлэлцээр хийж, харилцан ойлголцолд хүртлээ түр авах арга хэмжээ юм” хэмээв.

Мөн үеэр жолооч нарын зүгээс богино эргэлтээр нүүрс тээвэрлэж боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Богино эргэлтээр нүүрс тээвэрлэвэл 500 машин хилээр гарсан ч зөөх нүүрсний хэмжээ 40-50 орчим хувиар нэмэгдэх аж. Уул уурхайн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үүсээд буй нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авахаа мэдэгдлээ.


Холбоотой мэдээ