Шинэ жилийн баяраар Сочи хот ачаалал ихтэй байх нь

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-11-15 15:53:12
Москва /МОНЦАМЭ/.Оросууд шинэ жилийн баярыг сэтгэл догдлон хүлээж, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг ард түмэн. Тэсэн ядан хүлээдэг шинэ жилийн баяраар хамгийн урт буюу 10 хоногийн амралт эдэлдэг учир ойр дотныхонтойгоо хаа нэг тийшээ аялан шинэ оноо угтах нь тэдний хувьд бараг л уламжлал болсон гэж хэлж болно.
 Сүүлийн үед оросууд шинэ жилийн баяраа гадаадад тэр тусмаа халуун бүсийн оронд угтах нь элбэгшсэн. Тодруулбал уг баяраар Тайланд, Вьетнам, Турк, Мексик, Доминиканруу зорчих амрагчдын тоо эрс нэмэгддэг юм. Энэ төрлийн амралт нь тийм ч хямд тусахгүй. Дээрхи улсад 7-10 хоног амрахыг хүсвэл хамгийн багадаа 60 мянган рубль төлөх шаардлагатай.
 Харин үүнээс хэд дахин бага зардлаар хилийн дээс алхалгүй шинэ оноо угтах боломжийг зарим хүмүүс илүүд үздэг. Тэгвэл шинэ он гарах мөч ойртсоор байгаа энэ өдрүүдэд оросуудын дунд хамгийн эрэлттэй байгаа дотоодын аяллын маршрутыг сонирхож байна.
Шинэ жилийн баяраар хамгийн их амрагч хүлээн авах хотын жагсаалтыг Сочи тэргүүлж байна. ОХУ-ын өмнөд хэсэг, Хар тэнгисийн эрэгт орших энэхүү гайхамшигт хот жилийн дөрвөн улирал гадаад, дотоодын жуулчдаар тасардаггүй. Зун нь далайн усанд шумбаж, наранд биеэ шарах, өвөл нь цана, чаргаар гулгаж, уулын цэвэр агаараар амьсгалахыг хүсэгчид энэ хотыг зорьдог. Аялал жуулчлал өндөр хөгжсөн энэхүү хотод одоогийн байдлаар 700 гаруй зочид буудал, сувилал, жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг.
Түүний дотор өндөр зэрэглэлийн "Swissotel", "Rezidor", "Hyatt", "Marriot", "Accor", "Rixos" зэрэг дэлхийн сүлжээ зочид буудлууд багтаж буй юм.

 Харин ОХУ-ын урлаг соёлын нийслэл хэмээгддэг Санкт-Петербург хот шинэ оны өдрүүдэд хүлээн авах дотоодын жуулчдын тоогоороо Сочи хотын дараа жагсаж байна. Нева мөрний эрэгт орших энэхүү хот барууны хэв маяг бүхий уран барилга, 8 мянга гаруй түүх соёлын дурсгал болсон театр, музей, циркээрээ алдартай. Дэлхийн хамгийн алдартай музейн нэг “Эрмитаж”, “Русский музей”, А.С.Пушкины музей, Марийнский театр зэрэг алдарт байгууламжууд гадаад гэлтгүй дотоодын жуулчдыг ч татдаг аж.
Мэдээж ОХУ-ын нийслэл Москва шинэ жилийн баярыг хамгийн сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс Улаан талбайд дурсгалын зураг татуулан үзэсгэлэн худалдаагаар саатаж хуучин Арбатын гудамжаар алхан баярын уур амьсгалыг жинхэнэ утгаар нь мэдрэх гэсэн оросууд нийслэл хотыг зорино.  Үүнээс гадна нийслэл Москва хот Санкт-Петербург хотоос дутахгүй хөшөө дурсгал, соёлын төв элбэгтэй. Жуулчдыг хамгийн ихээр татдаг байгууламжаас дурьдвал Кремль, Их театр, Бага театр, Третьяковын галлерей, Түүхийн музей гээд үргэлжилнэ.
 Харин дорны соёлыг үзэж сонирхох гэсэн хүмүүс Татарстаны нийслэл Казань хотыг ихээр зорих төлөвтэй байна. Уг хотод татар болон орос соёл хослон оршдог нь жуулчдыг ихээр татдаг. Түүнчлэн Европ дахь хамгийн том мусульман шашинтны сүмийн нэг, уран барилга бүхий Кул-Шарифыг үзэж сонирхон зургаа татуулж, татар үндэсний хоол “Губадия”, “Урама”, баярын гол амттан “Чак-Чак”-ийг зооглох нь тус хотыг зорих жуулчдын бас нэгэн шалтгаан.
Л.Нандиа
  
Холбоотой мэдээ