Шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-11-24 09:20:44
БИШКЕК. /РИА Новости/. Кыргызстаны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков өнөөдөр тангараг өргөж, албан тушаалаа хүлээн авна. Тангараг өргөх ёслолд 450 зочин уригдсан боловч тэдгээрийн дотор аль нэг улсын төрийн тэргүүн байхгүй гэж тус улсын ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албаны дарга Толгонай Стамалиева “РИА Новости” агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
 
Кыргызстаны ерөнхийлөгчийн сонгууль 10 дугаар сарын 15-нд болсон ба төрийн тэргүүний албан тушаалын төлөө 11 нэр дэвшигч өрсөлдсөн билээ. 56%-ийн ирцтэй энэ сонгуульд Кыргызстаны социал-демократ намаас нэр дэвшигч, тус улсын ерөнхий сайд асан Сооронбай Жээнбеков сонгогчдын 54%-ийн саналаар ялалт байгуулсан юм.
Сонгуулийн кампанит ажлын явцад Сооронбай Жээнбеков нь өмнөх засаг захиргааны бодлого чиглэлийг үргэлжүүлэхээ амлаж байсан байна.
 
Кыргызстаны хууль тогтоомжийн дагуу Жээнбеков нь зургаан жилийн буюу 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаатай сонгогдсон. Тус улсын Үндсэн хуулийн дагуу хүн амьдралдаа нэг л удаа төрийн тэргүүнээр ажиллах боломжтой юм байна.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ