Японы эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух өдрийг товлов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-01 13:06:07
ТОКИО. /Киодо/. Японы эзэн хааны гэр бүлтэй холбоотой гол гол асуудлыг авч хэлэлцдэг тусгай зөвлөл эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух хугацааг товлолоо гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр мэдэгдсэнийг “Киодо” агентлаг уламжлав.

Хууль тогтоогчид, хуульчид болон эзэн хааны гэр бүлийн гишүүдээс бүрддэг, Ш.Абэгийн тэргүүлдэг Хааны ордны зөвлөлийн өнөө өглөөний хуралдаанаар эзэн хаан Акихитог 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээс буулгаж, 2019 оны тавдугаар сарын 1-нд түүний хүү болох угсаа залгамжлах хунтайж Нарүхитод хаан ширээг шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргасан байна. Нас дээр гарч, эрүүл мэнд доройтсон учир төрийн үйл хэрэгт оролцож чадахгүй боллоо гэх шалтгаанаар хаан ширээнээс буух хүсэлтэй байгаагаа өдгөө 83 настай эзэн хаан Акихито өнгөрсөн оны наймдугаар сард мэдэгдсэн билээ. Тэрбээр зүрхний мэс засалд орж, түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа юм. Японы сүүлийн 200 гаруй жилийн түүхэнд эзэн хаан өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буусан анхны тохиолдол нь энэ болох гэж байна.

Энэ сарын 23-нд 84 нас сүүдэр зооглох эзэн хааны хаан ширээнээс буух хүсэлтийг хүлээн авч, түүний 57 настай ууган хүүд хаан ширээг шилжүүлэн өгөхийг зөвшөөрөх тухай хуулийн тогтоолыг тус улсын парламент өнгөрсөн зургадугаар сард баталсан юм. Энэ хуульд тусгаснаар, эзэн хааныг хаан ширээнээс буулгах өдрийг товлохдоо Японы Ерөнхий сайд Хааны ордны зөвлөлийн 10 гишүүний санаа бодлыг сонсох ёстой байсан юм. Үүний дагуу өнөө өглөө хуралдаж, хугацааг товложээ.

Хаан ширээнээсээ буусан ч Акихитод төрийн хангамж үзүүлж, зарим нэг эрх ямбыг нь эдлүүлж, түүнийг “эрхэм дээдэс” хэмээн дуудах ажээ.

Г.Доржханд
Холбоотой мэдээ